Monday, June 28, 2010

Өнөөдрийн таавар

Зээк зээк зээк, гадаа яасан халуун байна аа хайрхаан гэж (цаасаар дэвүүр хийж нугалж, ирмэгийг нь шугамаар тэгшлээд, илүү гарч зөрсөн цаасыг нь хайчаар хайчлан сэвэнгээ цонхоор төөнөж буй нарыг тээршаасан байртай харав).

Мулгуу би вээр дэлхий даяар яригдаж буй сэдвийн талаар бичмээр санагдаад гар загатнаад байна ээ, дурсамж бичээгүй блог-ны дүрэм журманд харшилж сэдэв далийлгасанд хүлцэл өчмүй. (амандаа шүдэнзний мод зуунгаа хэлээрээ шүдэнзний модоо нааш цааш холхиулангаа бодол болов)

Өнөө оройн тоглолтонд:

Голланд-Словак

2:0

Бразил-Чил

3:1

гэсэн учраатай дуусах нь гэж миний төлөгт бууж байна. (толгойгоо маажив)

Өчигдөр:

Германы тоглолт үзэх санаатай хотын төв орсон чинь гадаа ёстой аймар халуун, дээр нь пиг хүнтэй, төв талбай дээр зассан дэлгэц нь үнэн жижигхэн наацан, юу ч харагдахгүй, дээрээс нь баахан вүвүзэла хангинаад ер үзсэн болохгүй байхаар нь гэртээ харьчихсан.

Эндхийн Mонголчууд сүүлдээ манайд цуглараад дуутай шуутай сайхан тухтай үзэв.

Прожэктор (монголоор юу гэдэг юм бол?) хананд тусгаж байгаад хана дүүрэн томоор үзэв.

Cайхан байлаа гэж.

Герман хожсон хэдий ч ирэх Баасан гаригт Аргентинийг барахгүй бөлгөө. Энэ удаа шөвгийн 8д үлдэнэ гэж төлөгт бууж байна.

Миний төлөгт дараахи ангиллаар бууж байна (хоолой засангаа):

Шөвгийн 16-д:

Уругвай - БНСУ Уругвай хожсон
АНУ - Гана Гана хожсон
Герман - Англи Герман хожсон
Аргентин - Мексик Аргентин хожсон
Голланд - Словак Голланд хожино
Бразил - Чили Бразил хожино
Парагвай - Япон Парагвай хожино
Испани - Португали Испани хожино

Шөвгийн 8-д:

Уругвай - Гана (Уругвай хожино)

Герман - Аргентин (Аргентин хожино)

Голланд - Бразил (Бразил хожино)

Парагвай - Испани (Испани хожино)


Шөвгийн 4-т:


Уругвай - Бразил (Бразил хожино)

Аргентин - Испани (Испани хожино)


3-р байрны төлөөх тоглолт:


Уругвай - Аргентин

Аргентин 3 -т орно


Үзүүр түрүү:


Испани - Бразил

гээд

Испани дэлхийн аварга болмой!

Мэргэлсэн: Билгийн судар номч, Өнөрмаагийн ахынх нь авгайгийнх нь дүүгийнх нь хамаатан, үзмэрч Дашцэрэнгийн дүүгийнх нь хүүхдийнх нь найзынх нь нэг байранд тоглож өссөн хүүхдийнх нь танил Ц. Б-Э болмой.

Saturday, June 26, 2010

Би үргэлжлэл, миний үргэлжлэл...


Өглөө ажилдаа явах гэтэл охин минь би хамт явъя л даа? гээд нээх танил нүд өөдөөс хараад болдоггүй. Гэрээс гарах гэснээ заза өнөөдөр хагас ажиллах юм чинь дагуулаад явчихъя гэхэд баярлаж байна гэж жигтэйхэн. Хажуунаас нь холдох л юм бол орхиод явчихна гэж бодсон юм уу хурдхан тэврүүлж аваад хөөрхөн инээгээд улам уяраачихдаг байгаа. 75-аар бууж өгөв.

...Гэртээ цоожлогдохоо мэдэнгүүтээ аав ээжийгээ дагаж, айлгаж уйлдаг байснаа саналаа. Ээжийнх нь дарга аймар ууртай, чи яагаад хүүхдээ ажил дээрээ авчирсан аан? гээд загнавал хоёулаа чихэр авах мөнгөгүй болно шүү дээ гэж учирлаж тайлбарлаад ч нэмэргүй. Гэтэл найзын маань ээж соёлын ордонд ажилладаг, үргэлж ажилдаа дагуулж явна. Би палкон дээрээс найзыгаа дуудаж гараа даллачихаад соёлын ордны хаалгаар орон ортол нь харж сууна. Найз маань тоглолт үзчихээд гайхуулж ярихад нь атаархана. Нэг өдөр: Ээж ээ та театрт ажилд орчих тэгэх үү? гэж гуйхад ээж минь жигтэйхэн инээж билээ. Ээж минь барилгачин. Зайсан, цирк, саарал ордон, цэргийн анги, орон сууц гээд бариагүй барилга үгүй. Маргааш өдөр нь ээж: Аавынхаа ажил руу явах уу? гэхэд баярласандаа яг охин шигээ аавынхаа гараас тас атгаад хамт алхаж билээ. Аавын алхаа том том. Аав минь цэргийн хөгжмийн удирдаач. Аавын ажлынхан бүгд цэргүүд. Нэг, нэг хөгжим барьцгаагаад үлээх нь үлээж, цохих нь цохиж эхлэхэд би чихээ дараад аавынхаа хажуунаас холдохгүй зогсож байснаа санаж байна. Хичнээн чанга байсан ч би сүрдэж айгаагүй. Яагаад гэвэл аав бас цэргүүд нь над руу хараад инээж байсан юм. Эргээд бодоход ээж аавд хэлж, миний хүслийг биелүүлж, би найздаа ярих сонинтой болсон нь тэр байжээ.

...Охин минь студи рүү гүйгээд хажууд тогтдоггүй. Яагаад гэвэл тэнд охиныг минь загнасан ч өөрийг нь илүү ойлгох тоглоомнууд байгаа болохоор тэр байх.

Friday, June 25, 2010

Эмч болхыг шахав

Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь охин маань хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв.

Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд.

Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд.

Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн лав орчихож. Хумсны хутгаар авагдах шинжгүй байхаар нь сорж нэг үзэж, хумсаараа шахаж нэг үзэв болдоггүй ээ ер.

Тэгэж тэгэж бүр сүүлдээ зүү гаргаад ирсэн чинь өнөөх чинь харсанаа бүр дүрдээ итгэж уйлаад ккк.

Тэрүүхэн хооронд бяцxан мэс засал шиг юм болов шд. Зүүгээр арьсыг нь сөхөж байгаад лав шигдээд орчихсон тэр өргөсийг нь ухаж гаргах гэж бөөн юм болов.
Өнөөх чинь уйлаад л би ч хөлс гоожиж сандраад л. Тэгэж тэгэж нэг юм арай гэж салгасан.

Мундаг зоригтой байсан гээд мөхөөлдөс гаргаж өгсөн чинь нөгөө уйлж байсан хүүхэд чинь ааш нь шууд засардаг гэж байна шд.

Ёоё, тэрүүхэн хооронд ч их юм боллоо шүү. Одоо ингээд бичиж суухад ч инээдэм мэт л санагдаж байна, тухайн үед ханиадам л байлаа.

Хүүхэд ээ гэж.

Охин:

-Өргөс чи юунд
Өстэй юм шиг
Өлмий дороос минь
Өвдтөл хатгав аа?

Аав:

-Өнгөт хорвоо гэдэг
Өдөн дэвсгэр биш шүү
Өлмий тавих газраа
Өөрөө харах ёстой шүү..

Гээд л бодов. . .

Бага байхад ч ялгаагүй л байж дээ. Сайндаа ч биш, хөхөө өвлийн хүйтэнд уур манаруулан барин өөрөө дэлчигнэж хөлс баасандаа хутгалчихаад нимгэн шахуу гадаа гарч гүйж байгаад хатгаа авна.

Аав маань, эсвэл ах эгч нар маань гэрт тариа буцалгаад л. Тариа буцалгадаг нэг төмрөн савтай, тэрэн дотроо марл тавьж байгаад шиприз зүү буцалгаад л, гэр дүүрэн нэг тийм эм тарианы үнэр хамар цоргиод л, пинцлинийг чинь хэд хэдээр нь шахуулж өгнө шүү дээ.

Бас хоолой өвдхөөр содтой ус буцалгаж байгаад л утуулах ёстой там тэ? Би лав бүтэж үхчих гээд ер утуулж чаддаггүй хүүхэд байв.

Бас горчишиг гээд нэг шар юм хатгаа туcxаар цээжин дээр, хөл мөлөн дээр тавиад байдаг санаанд оров.

Ээж аав болход амархан, ээж аав байхад хэцүү гэдэг шиг нээрэн л ээж аав байна гэдэг чинь олон мэргэжил эзэмшдэг юм байна. Өчигдөр бол эмч болхыг шахав. ккк

Ц. Хулангийн нэг ийм шүлэг байдаг даа, шууд энэ санаанд ордог гэж байна шд.

Ганцхан ээждээ унших шүлэг : Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл Та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай юм шиг

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла

Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдүүддээ урт наслаж хайрла аа!

Ижий аавыгаа баярлуулж яваарай, өдөр болгон хайрлаж яваарай!

Хоёрын хоёр хүүхдийн мундаг аав, инээхдээ буйлаа гаргаж инээдэг, цайлганаас цайлган, бас их үнэнч багадаа хамгийн жижигхэн нь байсан хирнээ одоо өндөөр хамгийн том нь болчихсон байгаа багын анд Даваадаа төрсөн өдрийн мэндийг хүргье! Сайхан баярлаарай!

Wednesday, June 16, 2010

Жаалхүү

Өнөөдөр 6 дугаар сарын 1. Ямар гоё вэ, жаалхүү энэ өдрийг тэсэн ядан хуруу даран хүлээсээр арай гэж болголоо. Тэрбээр хурдхан орноосоо үсэрч босоод зуршил болсон ёсоороо радиогоо чангалав!

. . . День Победы, как он был от нас далёк,
Как в костре потухшем таял уголёк.
Были версты, обгорелые, в пыли —
Этот день мы приближали как могли.
Этот День Победы Порохом пропах,
Это праздник С сединою на висках.
Это радость Со слезами на глазах.
День Победы ! День Победы ! День Победы !

 Гээд л Лешенко хангинаж байх юм...гайхалтайяа...хүүхдийн баярын өдрөөр ийм дуу хангинаад л гэж халтихан бодонгоо угаалгын өрөө рүү орон цэл хүйтэн усаар нүүр гараа яаравчлан угаалаа. Аав нь урд өдөр нь ажлаасаа нэлээн оройтож ирсэн байв. Уул нь хүүтэйгээ хамт хүүхдийн парк явна гэж амласан байсан учир жаалхүү урд орой нь аав хурдан ирээсэй хэмээн хүлээсээр өрөөний буланд байх буйдан дээр унтаад өгчээ.

 Яг л суусан чигээрээ атиралдаад унтаад өгсөн тул хөл гар нь бадайраад, хамаг бие нь хөшчихөж. Унтаж байхад нь аав нь ирээд хайр дүүрэн нүдээр ширтэн, духыг нь бүлээхэн алгаараа илэн, бүтээлэг дээгүүр нь нөмөрч орхиж байсныг бүүр түүрxэн л санагалзав. Хамаг байдгаараа суниагаад сайтар гэгч нь эвшээж аваад салхивчаа онгойлгов. Зуны эхэн сарын цэвэр агаар сэнгэнэн орж ирж, зочны өрөөний шар хөшиг намирна.
Нүүр гараа хурдхан угаачихаад галын өрөөний талхны савнаас хатсан талхны булан орж шаржигнуулан мэрсээр хойд өрөө лүүгээ сэмхэн алхан очоод хартал аав нь унтаж байлаа. Жаалхүүгийн нүүрэнд инээмсэглэл тодрон аав руугаа гүйн очиж хөнжилийг нь угз татангаа, "...ааваа өнөөдөр 6 дугаар сарын нэгэн, та мартаагүй биз дээ?" хэмээн догдлон асуухад дөнгөж нойрноосоо сэрэн үүрмэглэн буй аав нь бяцхан жаалыг тэвэрч үнсэнгээ "...юу гэж дээ, алив миний хүү аав нь хүүдээ юу авч ирсэнийг хараач" хэмээн ширээ лүү нүдээрээ дохив.

 Заасан зүг рүү нь яаран хартал ширээн дээр нь гялгар ууттай бэлэг байх аж. Энэ надад юм уу, хөөх яасан гоё юм бэ, дотор нь юу байгаа юм? хэмээн тэрүүхэн хооронд олон асуулт зэрэг зэрэг асуун шулганасаар яаран гүйж очин задалж, уутан доторхи алим, өөрийнх нь идэх дуртай "Унага" 24 ийн зөөлөн чихэр, ирис мэтхэнийг амтархан задлан идэв.
Миний хүү 2-р ангиа онц төгссөнд аав нь баяр хүргэж байгаа юм, бас энэ хичээлийн жилд миний хүү пионерийн гишүүн болсон, удахгүй л ах эгч 2 шигээ эвлэлд элсэх нь байна шүү дээ хэмээн өхөөрдөв.

 Хүүгийн нүднээ В. И. Лениний Музейд Ленины төрсөн өдрөөр хэдхэн сарын өмнө болсон пионерт элссэн ёслолын ажиллагаа нь жирилзэн өнгөрч, цоо шинэхэн улаан бүчээ зүүн гартаа нугалан намируулж, баруун гараараа жинхэнэ пионер хүн шиг ёслон, хэдэн хоног цээжилсэн пионерийн тангарагаа мартчих вий гэж эмээн дуржиганатал уншиж, жинхэнэ ахмад партизан явсан өвөөгөөр улаан бүч зүүлгэсэн ховорхон азтайгаа гайхан, үеийн найз нартаа гайхуулан хоёрдугаар сарын тэр хүйтэн хуйсгануур салхийг үл анзааран энгэрээ задгайлан улаан бүчээ салхинд дэрвүүлэн, гудамжаар нааш цаах холхих хүмүүст маадайж байсан нь тодоос тод санагдав.

 Тэр өдөр жаалхүүгийн бас баярын өдөр байсан тул яаж мартхав, амандаа "Жаалхүү би, Д. Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна, тангараглаж байна тангараглаж байна" хэмээн гурвантаа давтан уншив.

Энгэр дээрээ машины зурагтай мөрөвчтэй саарал шорт, цагаан подволк өмсөн, үсээ толийтол нь хажуу тийш нь самнан байдаг гоёороо гангарсан жаалхүү хүүхэд залуусын амралтын төвийн садаар аавтайгаа хөтлөн дээш доош дэвхрэн нэг гартаа мөхөөлдөс идэн дээрээс төөөнөн буй хурц нарыг үл ажин нүдээ жартайлган аавынхаа алхааг гүйцэх гэж шогшин шогшин явна. Төв садын узелээр нөгөөх дуу хангинасаар...

Этот День Победы
Порохом пропах,
Это праздник
С сединою на висках.
Это радость
Со слезами на глазах.
День Победы ! День Победы ! День Победы ! ...

1987 он 6 дугаар сарын 1...


Wednesday, June 9, 2010

Энэ хэн бэ?

Хүн амандаа хэдэн шүдтэй вэ?
Хүүхэд буйландаа хэдэн цахиуртай вэ?
Зуун долоон шүдтэй хүүхэд
8-ийн В-д бий
Нэрийг нь ........... гэдэг
Өчигдөр орой шүд өвдөөд
Өрөөсөн хацар мантуу шиг цунцайгаад
Өөрөө шанаандаа оо түрхээд
Өглөө босоод эмнэлэгт очоод
Мэдээ алдуулдаг тариа хийлгээд
Нэгэн зэрэг таван шүд сугалуулаад гэж
Нүүрээ үрчийлгэн ярина
Хичээлийн жилд сурагч ..........
Хичнээн шүд суга татуулсан гэж бодно?
Хүүхэд хорин хоёр цахиуртай
Хүн гучин хоёр шүдтэй
Аяа гэтэл манай ........... ондоо
Авахуулсан шүд нь 107
Шүдний тооцоо
Эмчийн акт дээр бий
Авахуулсан арааны бүтэн тоо нь
Ангийн даргын бүртгэлд бий
100 шүдтэй хүүхэд
Танай ангид байхгүй биз
Хэрвээ байвал тэр илүү шүдийг
Хичээл тасалдаг өвчинтэй нь
Суга татаад чулуудъя

Т.Галсан

Хичээлдээ явахгүй гэж хэн ингэж худлаа өвддөг байсан бэ? Нэрийнх нь оронд цэг үлдээлээ. Хэхэ

Friday, June 4, 2010

Хүүхдийн баяр

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үнэн юм аа. Одоо ч бидний мэдэх хүүхдийн баяр байхаа больжээ.
Намайг бага байхад манай ээж аав 2 биднийг /би чинь дээрээ 4 эгчтэй айлын бага нь/ дагуулаад парк руу явдаг байсан. Бараг айл болгон л тэгж явдаг байсан биз, тоглоомнууд нь дараалал ихтэй, зогсож байгаа л тоглодог байлаа. Гэхдээ удаан дугаарлалаа гээд ер нь уурлаж бухимдаад байхгүй, тэрүүгээр болж байгаа ойр зуурын тоглолтуудыг харчихаад тэрхэн үедээ л их гоё баярладаг байсан. Орой нь гэртээ ирээд амттай хоолоо идчихээд байрныхаа хүүхдүүдтэй хамтдаа тоглоод сайхан байдагсан. Хүүхдийн баярын дараа нэгэнт хичээл амарсан учраас айлууд зусландаа гарна. Байрны найзуудаас салаад зуслангийнхаа найзуудтай уулзана. Манай ангийн А-гых манайх 2 хамт зусланд гардаг байлаа. Зунжингаа гадаа тоглоно. Өдөржингөө гадаа тоглож, тоглож орой ажилчдын эхний унааг харж гэнэт сэхээ ороод уралдан гэртээ орж халуун цайгаа чанаад, хогоо хам хум шүүрдээд хаячихна. Эртхэн цайг нь чанаад хөргөж тавиад байхаа мэддэггүй, тэрийг одоо л санах юм даа, хэ хэ нөгөө мунхагийн санах нь хойноо гэж үг санаанд оров................... Тэгээд нэг их ажил хийж өдөржигөө гэртээ байсан хүмүүс шиг ээж, аавыг гэртээ орж ирэв үү, үгүй юу буцаж зөрж гараад шөнө болтол тоглоно.
Гэтэл одоо хүүхдүүдийн тоглодог парк нь алга, уг нь юм хөгжиж байгаа өнөө үед тэрийгээ улам сайжруулдаг баймаар юм гэтэл................................ Хөөрхий хүүхдүүдээ баярлуулчих санаатай Улаанбаатарчууд хаана юу болж байна тэр газруудаар дагуулж баахан явцгаасан байха. Их хөлтэй байсан шүү, Би л гэхэд хүүхдээ яаж баярлуулнаа гэж бодож байтал ашгүй Хулангийн найруулсан тоглолт болж тэрийг үзүүллээ. Уг зохиомж найруулга нь сайн болжээ, даанч циркийн тоглолт нь бидний үздэг байснаас муудчихаж. Гэхдээ манай охинд тоглолт таалагдсан гэсэн шүү Хулаан, тэгээ л болоо шүү дэ. Тоглолтын дараа хоолонд оруулаад л хүүхдээ баярлуулчихлаа. Орой нь эмээ өвөөгийнд нь хүргэж өгөөд би гэдэг хүн хүүхэд хүмүүжүүлэх ярвигтай албан ажлаас түр ч гэсэн чөлөөлөгдлөө. Одооны зуслан ч дээ бүгд хашаа тойруулчихсан болохоор хүүхдүүд дураараа нийлж тоглохооч больсон бололтой.
Аан бас тоглолт дээр Хулангийн охин Биндэръяатай хамт суусан, аяг Хулан шүү.........., Уг нь ангийхнаас хүүхдээ дагуулж ирсэн бол нөгөө хэн нь өөртэйгөө хамгийн адилхан хүүхэдтэй болсон бэ гэдэг номинацид хүмүүсийг уралдуулж харии гэж бодсон чинь чадсангүй, миний мэдэж байгаагаар /Одоогоор би Хулан Даваа 2-ын хүүхдүүдийг хараад байна/ Хулангийн хүүхэд ээжтэйгээ илүү адилхан байналээ шүү.
За манайхаан та нар хүүхдийн баяраар яаж баярладаг байсан болон, хүүхдүүдээ хэрхэн баярлуулснаа бичээрэй.

by Zulaa