Tuesday, March 30, 2010

Дүнгийн журнал, багш хоёр

1-ээс 30 хүртэл сурагчдын нэрсийг А-гаас Я хүртэл ангийн дарга нэгэн жигд бичсэн, 8 В гэсэн тоог вактурдаж урласан улаан өнгийн хавтастай дүнгийн журналаа та нар санаж байна уу? Хуудас бүр дугаартай, дугаар бүр хичээлийн нэртэй. Математик, геометр, физик, хими, биеийн тамир, монгол хэл, уран зохиол, дуу хөгжим, орос хэл, монгол бичиг, түүх, биологи, газар зүй, дүрслэх урлаг, үйлчлэх хөдөлмөр. Дүнгийн журналд сурагчид дураар хүрэх эрхгүй. Багш юм уу ангийн дарга л журналыг хариуцна. Яагаад гэвэл бэх дусаах, хуудаснаас нь урах, энд тэнд нь эрээчих зэрэг хууль бус үйлдлийг бүрэн хориглоно гэсэн сануулгатай байсан болохоор тэр шүү дээ. Нэгэн дурсамж. Өндөөр нуруутай, костюм пиджакаас салдаггүй, толгой дээрх шар үсээ толийлгож самнасан багш ангийн хаалгаар орж ирэхэд сурагчид ширээ сандлаа нааш цааш татан тар няр хийлгээд сууцгаалаа. Багш маань хичээлээ заахдаа гарамгай. Орж ирэнгүүтээ самбар дээр бичиж өгнө дөө. Багш нэг нэгээр нь самбарт дуудаж зуруулна, бодуулна, маргана, магтана, зэмлэнэ. Хөвгүүд багштай мөн ч их ширээ тойрч хөөцөлдсөн дөө.Багшийн хамар маш содон. Хамар нь улайгаад ирэхээрээ л нэг биш болдогсон. Нэг биш болох нь сураггүй болохын дохио. Сураггүй болвол хичээл орохгүй, хичээл орохгүй бол дүн гарахгүй. Хичээлүүдийн дүн гараад байдаг. Бид багшийг хүлээгээд л байдаг. Багшийн тавьсан ганц хоёрхон дүн журнал дээр зурайна. Бусдад нь дүнгийн оронд цэг тавьсан байна. Цэг нь энэ сурагч хичээл таслаагүй, суусан гэсэн бүртгэлийн илтгэл шүү. За тэгээд хэн гэдэг мэргэн бөөдий санаачилсаныг санахгүй байна оо. Бүгдээрээ багшийг ирэхээс өмнө өөрсөддөө дүн тавъя гэдэг байгаа. Яаж болдог юм бэ? Ёстой үгүй гэж журнал хариуцагч сандарсан хоолойгоор хэллээ. Хэдэн талаас нь ухуулга хийж байна шүү. Мань хүн гацаанд орлоо. “Чи биднийг бод л доо. Багш ирээд муугаа өрвөл ангиараа муу гараад онигоо болно шүү дээ, гэтэл манай анги ямар билээ” энэ тэр гээд л. Хүн бүр өрөвдөлтэй харцаар хараад л , гуйгаад л байхаар ямар гүрийлтэй биш “Заза би хариуцахгүй шүү” гэж байна. Гэтэл проблем гарлаа. Хэн бичих вэ? Хэн багштай адилхан бичдэг вэ? Чи, би гэцгээгээд нэг нэгээрээ багшийн дүнг дуурайлгаж цаасан дээр бичиж гарлаа. Байдаггүй ээ. Болдоггүй шүү. Уг нь их амархан. 3 юм уу 4-ийн тоо тавиад л болоо шүү дээ. Тэгж тэгж адилхан бичдэг нэг хүн тодорвоо. Би бүрэн итгэлтэй биш байгаа болохоор нэрийг нь бичихээ түтгэлзэв. За ингээд багшийн эзгүйд дүнгээ засч, дүн нэмж бичиж эхэлвээ. Надад нэг 3 тавьчих, надад нэг 4 тавьчих гэсээр хоёр гурван дүнтэй болцгоосон доо. Тэр үед хоёр дүн байхад л хооронд нь харьцуулж бодоод хичээлийн дүн гардаг байсан шүү дээ. Мэдээж улаан цайм 5 юм уу 4 тавьбал азаартана. Хэрээ мэднээ бас. Хөө мөн бөх зүрхтэй байжээ манайхан. Ингээд багш урт хугацааны аялалаасаа ирээд ангид орж ирдэг юм байна аа. Сурагчид ширээ сандлаа нааш цааш татан тар няр хийлгээд сууцгаалаа. Багш журналаа сөхлөө. Зүрх лүг лүг. Яана аа? Багш: Дүн гаргана аа... гэлээ. Журнал дээрх дүнгүүдийг их нухацтай харж байна шүү. Багш: Асуугдаж дүнгээ засах хүн байна уу? Хонх дуугарахаас өмнө асуугдаарай гээд журналаа хажуу тийш болголоо. Дүнгээ дураараа өрсөн сурагчид баярын мишээлтэй, зүрхний цохилт ч хэвийн хэмжээндээ очлоо. Багш тэрийг даанч мэдэхгүй, дүнгээ гаргаад завгүй сууна ... Хэдий оройтсон ч гэлээ “Лучше поздно чем никогда” гэдэгчлэн Хамар Санжаа багшаасаа түмэнтээ уучлал гуймаар байна. Багшаа уучлаарай. Яагаад гэвэл би ч бас “хоёр ширхэг 3” бичүүлж Дунд гарсан товарищ байгаа юм. Муухай байгаа биз. Ингээд л болоо.

Thursday, March 25, 2010

Хавар

Гадаа ямар гоё дулаахан байна аа. Өчигдөр бүр 20° хэм хүрсэн. Гадуур ч баахан нүцгэн шилбэнүүд гялтаганаад нүд гялбаад жигтэйхэн байх чив ээ. Сэтгэл сэргээд ганц хоёр зураг дарсан болно.

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Монголд хавар дөххөөр нэх сайхан байдаг сан. Төгсөлтийн шалгалт дөхөөд л оюутан сурагчид одоо сандралдаж байгаа даа. Хавар боллоо шүү хүүхнүүдээ, нүүрээ будаарай, нимгэн хувцаслаарай. :-)


Хаварын улиралын яг юунд нь дуртай вэ? Бичээд байгаарай...

Friday, March 19, 2010

25 жилийн дараахь дурсамжууд...: Тоглоом үргэлжлэл

Тоглоом /үргэлжлэл/

Дүки даки-дах
Хэдэн ч хүн,хаана ч тоглож болно, гол нь ямар нэг байшингийн хана, булан, орцны хаалга гээд тиймэрхүү газар байвал илүү тохиромжтой. Тоглогчдын дундаас нэг хүн /энэ хүнийг ямар ч журмаар сонгож болно, хамгийн сүүлд ирсэн, саналаараа гэх мэтчилэнгээр сонгоно/бусдыгаа олохоор сонгогдох ба толгойгоороо хана түшиж зогсоод, ер нь бол нүдээ ань гэсэн шаардлага тавигданаа, хэдэн хүн тоглож байнав, тэрний тоогоор 10,20,30,40,... гэх мэтээр 100 хүртэл тоолно. /хэрвээ 10 хүн тоглож байвал 10 удаа энэ циклийг давтана гэсэн үг/ Тэгээд тоолж дуусаад нүдээ нээхэд нөгөө нөхдүүд нь энэ хооронд амжиж нуугдсан байх бөгөөд ологч маань бусдыгаа хайна даа. Анхны байрнаасаа холдохгүй бол нөгөөдүүл нь олдохгүй тул болгоомжтой нь аргагүй байрнаасаа холдоод хайж эхэлнэ. Энд тэнд хүний толгой шоволзох, хувцас хунарын булан энүүгээр тэрүүгээр цухуйх төдийд л ологч маань хар хурдаараа буцаж гүйж ирээд харсан хүнийхээ нэрийг хэлээд "тэр дүки даки" гээд ханаа цохичих хэрэгтэй. Ологч маань хэнийг ч харсан бай заавал өөрийн байрандаа буцаж ирж тэр хүнийг олсноо зарлана, дээр бичсэнчлэн. Нөгөө нуугдагч маань ч гэсэн хэрвээ илэрчихвэл ологчоос түрүүлж анхны байрандаа ологчтой уралдан гүйн ирж "тэр дүки даки" гэж хэлэх ёстой. Гэх мэтчилэнгээр тоглоно, хэрвээ ологч бүгдийг нь олоод "дүки даки" гэчихвэл хамгийн анхны олдсон хүн ологч болно гэх мэтээр үргэлжилнээ. Хэрвээ нэг л хүн ологчийг "дүки даки" гэчихвэл ологч дахиад л олох хэрэгтэй болдог тул нүдний хараа, хөлийн хурд шалгасан сонирхолтой юм болдог байсан нь дамжиггүй ээ.

Нууц хийх
Э
нэ бол ерөнхийдөө охидын л юм байгаан. Манийг бага байхад их элбэг байдаг байсан хагархай шил олж аваад /гэхдээ энэ шил нь хэлбэр сайтай, тунгалаг, гадаргуу нь гэмтээгүй байх шаардлагатай, /энэ шаардлагыг хангасан шил нь голдуу л ногоон байдийм дөө, хүрэн шилний цаанаас юугаа харах вэ дээ тийм үү,/ ер нь бол ажилд авах гэж байгаа хүн нуруу туруу, үс зүс хардаг шиг их нарийн шалгуураар орно л доо/ шилнийхээ нэг талд урьдчилан бэлдсэн зургаа байрлуулаад л өөртөө аль аятайхан санагдсан модны ёроол, ер нь хаана ч байж болно, сонгосон газраа нүх ухаж булаад л гүйцээ. Тэгээд найзууддаа бусдаас нуугдаж байгаад үзүүлдэг юм, сайн нуугдаж жинхэнэ чекист маягаар ажиллахгүй бол өөр нөхдүүд мэдчихвэл нууц чинь тэгээд байхгүй болох тул маш их болгоомжтой байх хэрэгтэй. Бас үзүүлэх хүнээ ч сайн сонгохгүй бол тэр нөхөр чинь дараа нь ганцаараа ирээд авчихна даа. /надад яг ийм юм тохиолдоод би их харамсаж байж билээ, тэгээд бараг дахиад нууц хийхээ больчихсон ч байх/

Чулуугаар байлдах

Маш ойлгомжтой тоглоом, бас осолтой, амьд гэрчүүд энд тэндгүй их бий.....

Thursday, March 18, 2010

Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан...."байжээ"

Санаандгүй интернэтээр хэсүүчилж байгаад 1976 оны Улаанбаатар хотын зураг олов. Тэр замынх нь сайхан сэлүүхнийг ээ! Хүмүүс нь машин зам дээгүүр хөндлөн гулд алхалж явна шд. Гүй мөн сэлүүхэн сайхан байж дээ.

Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг.

Бодвол Сүхбаатарын талбайг тойрсон нилээн олон байшингууд баганатай байдагтай холбоотой байсан болов уу?

-Төрийн Ордон
-Нийслэлийн Захиргааны Байр
-Хөрөнгийн Бирж
-Драмын Театр
-Гадаад Хэргийн Яам
-Дуурийн Театр
-Соёлын Төв Өргөө
-МУИС...

гэх мэт. Муу Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр маань ч гэсэн баганархуу юмтай. Тийм ч учраас Голомт банкны барилгыг барихдаа хэргээр тэр айдэнтити-г нь алдуулахгүй гэж баганатай барьсан гэдэг билээ. Юутай ч "Aзийн цагаан дагина" гэх мэт өөрийн гэсэн өвөрмөц дуудуулах нэртэй л байж дээ.Энэ дээрхи зурган дээр сайн ажиглавал нэг морин тэрэг бас шууд баруун тийшээ эргэж байх юм. Улаан "лада"-ны наах нь нэг хүн замын зах дээр суугаад тамхилж буй бололтой амарч байх юм. Хамаагүй эмх цэгцтэй бөгөөд ногоон харагдаж байна. Одоо ч зун ингэж ногоорч харагдах нь юу л бол.Гэтэл одооны энэ дүр төрхийг харвал хайран хот маань ингэж яайран болчих гэж хэмээн дэмий л халаглан сууна даа.

Бидний хэдэн хүүхдүүд жоохон байхдаа байрныхаа урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр өдөржин тоглож өнждөг байсан сан. Гэтэл одоо тэр талбай дээр нь болсон болоогүй баахан байшин барьчихсан. Хараад ёстой зүрх рүү "ёг" хийтэл нэг юм хатгасан шүү. Даанч дээ сайхан ногоон хотыг минь саарал шороон хот болгочих гэж.

Идэх уух юм нь хомс ч, элдэв хоронд хордоод үхчихнэ гэж айх аюyлгүй, гадаа гараад тоглоход нь зүлэг ногоотой, модны сүүдэрт нь хөгшид сүүдэрлэн суугаад л, даалуу үүлүүхэн нүүгээд сууж байдаг сан. Тоглоомын талбай дүүрэнтэй, утаа угаар гэсэн ойлголт мэдэхгүй, орой үдэш гархад нь "Эргүүл" гэчихсэн улаан дээр цагаан бичигтэй даавуу баруун гарын шуундаа зүүчихсэн, болгоомжтой явхыг сэрэмжүүлээд хэлчихдэг хөршүүдтэй л байлаа.Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!...

Ц.Хулан : Хотын реквием

Жич: Энэ бичлэгийг дээхни жил гаруйн өмнө бичиж байсан юм. Улаанбатараа санаад ахиад оруулчихлаа.

Багш нар

Манай сургууль чинь тухайн үедээ л тэргүүний гэгддэг алдар цуутай сургууль байлаа. Олон арван тамирчид, эрдэмтэд төрсөн нь багш нарын маань нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой. Ардын сургуулийн алтан босгыг мөлхөж биш алхаж орсон тэр өдрөөс эхлээд л бүхэл бүтэн 10 жил эдгээр хүмүүсийн гарт нухлуулсаны үр дүнд энэ муу бөндгөрт хангалттай зүйл үлдсэн гэж баярлаж явдаг. Тухайн үед нийгэм өөр байсан ч юм уу багш нар ажилдаа дээд зэргийн үнэнч хичээнгүй, хүүхдүүдийнхээ гэрээр хүртэл очиж аав ээжтэй нь уулзаж танай хүүхэд тэглээ ингэлээ гээд явдаг байлаа шд. Яагаад баахан багш нар яриад унав гэхээр Баткагийн авсан зурагнууд дотор багш нарын зургийг шилэн самбар нэвтлэн авсан ийм зурагнууд байсаныг олж харан бөөн баяр болсон юм. Зарим нэгэн багш нарын зүсийг нь таниад байгаа хирнээ нэр ус нь өгөр толгойд орж ирдэггүй ээ. Та бүгд тусалж тэр тэр гээд нэрийг нь хэлээд өгөөрэй. Ингээд миний бие нугаларсан өнцөг буланг нь тэгшлэн эзнээс нь асуулгүй блогтоо оруулчихлаа.Урд эгнээнээс уртаашаа 3 багш л таниж байна:
Хамгийн баруун талын эмэгтэй багш манай ангид хөдөлмөр сургалт заадаг байсан багш мөн шиг байх юм. Нэр нь орж ирэхгүй юм, юутай ч охидуудад оёдол нэхмэл зааж бариад, нэг удаа хөдөлөмөрийн хичээл дээр бүх хүүхдүүдээр хоол хийлгүүлж анги дээр авч ирж нийлүүлж идэж байсан санагдаад байдаг юм.
Түүний хажууд биднийг 4-т ороод дааж авсан ангийн багш Лхагваанаа маань сууж байна. Яасан залуухан байсан юм бэ дээ. Сууж байгаа нь хүртэл их донжтой, дээд зэргийн цэвэрч, яг л нэг нийтлэг сэхээтэн хүний дүр төрхтэй. За тэгээд багштай холбоотой олон зуун дурсамж манай хэд нэмж бичнэ биз. Бусдадаа боломж олгоё.
Лхагвасүрэн багшийн дэргэд Батхүү багш. Биеийн тамир заадаг байл уу даа, юутай ч манай ангид яг хичээл орж байсаныг санахгүй байна. Сургууль даяар лав их нэртэй багш байлаа. Сайн хичээл заадгаараа ч биш байх, элдэв янзын хэл аманд их өртдөг байсан шиг санагдаж байна.
Голын эгнээнд:
Манай муу багын найз ГС-ийн маань ээж Ганчимэг багш манайд физик ордог байсан санагдаж байна. Хичээлээ их гоё сонирхолтой заана, юутай ч би физикт их дуртай болж байж билээ. Үе үе реферат бичүүлнэ, баахан бодлого бодуулна гээд л.
Дэргэд нь зогсож байгаа Жимсээ, Должмаа багш 2 ыг бол таниад байгаа юм. Манай ангид ордоггүй байсан ч энэ хоёр багшийг танихгүй хүүхэд бараг байдаггүй байсан байх. Гоё багш нар байж билээ. Сүүлд Должмаа багшийн бага хүү нь манай хотод доктор цол хамгаалаад нутаг буцсан. Хүүгээ энд байхад нь хэд хэд ирж байсан, би очиж золгодог байж билээ. Манай ахын ангийн багш нь байсан болохоор манай гэрийнхэнийг их сайн танина, дээрээс нь манай аав багш байсан болохоор бүр ч илүү танидаг байв. За аав нь сайн уу гээд л, сургуулийн тухай их ярьдаг байв.
Жимсээ багш бас л манай эгчийн ангийн багш байсан болохоор Жимсээ багшийн талар их юм сонсдог байлаа. Юутай ч бахархмаар сайн багш нар шүү.
Должмаа багшийн дэргэд байгаа Цэнд багш мөн үү? Би буруу санаагүй бол бас физик ордог байл уу, эсвэл газар зүй родог байл уу? Яг санадаггүй ээ. Юутай ч их хатуу багш байсан санагддаг юм. Хүүхдүүдтэй нэг их дотносохгүй, түс тас хичээлээ заачихаад л гараад явдаг. Гэхдээ бас муу багш бол биш байсөөн.
За тэгээд хамгийн буланд байгаа биеийн тамирын багш бас Батхүү бил үү? Манай ангид биеийн тамир ордог, нэг удаа зааланд хичээл орох гээд байсан манай ангийн ГЗ үймүүлээд байл уу даа, яг юунаас болоод уурыг нь хүргэчихсэн юм, юутай ч уурласандаа гартаа атгаж байсан монгол цоожийг шидчихсэн чинь хөмсөгийг нь оноод сэтэлчихэж байж билээ. Яаж нүд амыг нь оноод сохолчихоогүй юм. Сүүлд эмнэлэгт байхад нь очижэ ргээд уучлалт гуйж барьж байсан санагддаг юм, аймар шүү.
Арын эгнээнд хөдөлмөрийн багш билүү, цэрэгжилтийн багш байл уу, Наран гээд би зөв санаж байна уу? Тэрний дэргэд манай Д-О ийн аав Гонгор багш зогсож байх шиг байна. Тооны багш, их чанга, гэхдээ чансаатай заадаг байсан санагддаг юм. Үе үе их уурлаж хүүхдэд гар хүрчихдэг байсаныг эс тооцвол мэргэжилдээ ур чадвартай, ёстой мундаг багш. Гэснээс манай Д-О аавтайгаа яг адилхан болчихсон байна лээ. Яг аав шүү.
Гонгор багшийн дэргэд зогсож байгаа Санжаа багш мөн үү биш үү? Мөн бол бас л манайд математик ордог байсан. Мөн ч их ширээ тойрч хөөцөлдсөн дөө. Бид хэд л их бөөрөлхдөг байсан болохоос тун сайн хичээл заадаг байлаа.
Хажууд нь байгаа өндөр багш чинь хөдөлмөр сургалтын багш байсан шиг санагдаад байна. Мөн үү биш үү? Хөдөлмөрийн хичээл дээр мод, ялтас төмөрөөр янзан бүрийн юм хийлүгүүлдэг байсан санагдаж байна. Би ч гар урлалын зүйлдээ сайн биш байсан болохоор хөдөлмөрийн хичээл дээр ёстой л гарын дүйтэй хүүхдүүд нь цоорч байгаа юм чинь, хэхэ.
Хажууд нь зогсож байгаа шар багш чинь шугам зургийн багш Төмөр...хэн билээ, мөн шиг байх юм. Зургийн хичээлд дуртай байсныг хэлэхүү, их идэвхитэй оролцдог байсан санагдаж байна.
За тэгээд бусад багш барыг нь үнэхээр санахгүй юм, туслаарай нөхдөө.
За Маруся багш бол бага ангийн хичээлийн эрхлэгч байсан санагдаж байна. Чанга багш даа ёстой. Яагаад ч юм хүүхдүүд гөл авдаг байж билээ энэ багшаас.
Энд эрэгтэй багш нарын зураг бас байна.

Wednesday, March 17, 2010

25 жилийн дараахь дурсамжууд...

Бүлгийн ажил
...Одооны хүүхдүүд ийм юм хийдэг эсэхийг бүү мэд, бидний үеийнхэн л лав 7 хоногт 1 удаа бүлгийн ажил зохиодог байлаа,\ ангийн ажил энэ тэрээс шал өөрөө, ангийн ажил дээр бол Л багш та нар тийм ч байх ёстой, ийм ч байх ёстой гээд л үглэдэг болохоор би л лав дургүй байсан,\ тэр нь өөрөө бас лайтай утга учиртай сэдэвтэй, сүртэй сайхан юм байх ёстой л доо. энэ ажлыг чинь У бид хоёр нугалдаг байлаа даа, хичээл тараад ангидаа үлдэж хийх юм уу, эсвэл У-гийнд эсвэл манайд, эсвэл пионерийн танхимд \бүлгийн дарга, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга\У-гийнх\ гэсэн сэтэр чинь харин өглөө хичээл орохоос өмнө сургууль руу ороход даанччиг хэрэг болдог байваа\ нэг анги нэг л бүлгэмийн зөвлөлийн гишүүнтэй байсан бөгөөд манай У тэр нөхдүүдийн дарга нь байлаа.өглөө эрт хичээл орохоос өмнө сууж байгаад төлөвлөгөө энэ тэр гаргаж байгаад нухацтай юм болдог байв даа. Одоо санахад голдуу л У-гийнд очдог байсан санагдах юм. А4-ийн цаасыг 4 хувааж байгаад бүлгийн ажлын төлөвлөгөө хийгээд тэрнийгээ пионерийн удирдагч Долгорсүрэн багшаар батлуулна аа болоогүй. Гадна талд нь хүрээ мүрээ татаад бяцхан номорхуу юм болгоод одоогийнхоор бол баргийн курсын ажлыг дагуулахгүй сайхан болгоно доо, тэгээд л дотор нь 45 минутаа яаж яаж зарцуулах талаар:
Төлөвлөгөө
1.
2.
3.
4.
гэж байгаад л хийх ажлаа жагсаагаад л, өөрснөөсөө бас жоохон зайлуулах гээд үзнээ, хийх ажлуудаа энэ тэр салааны дарга явуулна гээд хүнд даалгаад өгчихдөг байлаа гэж.
ер нь бол ямар ч бүлгийн ажилд заавал хөгжөөнт тоглоом гэсэн хэсэг заавал байдаг байлаа. Нэг удаагийн бүлгийн ажил дээр сандал тойруулж эргүүлж эргүүлж байгаад зүүнд утас сүвлүүлсэн чинь БЭ түрүүлж сүвлээд, П хоцроод тэрэндээ шаралхаад "намайг арай л олон тойруулсан" гээд баахан гомдол ярьсан санагдаад байна аа.
Ер нь тэгээд нэгэнт өнгөрсөн юм чинь гээд л үнэнээ хэлж байгаан, яг үнэндээ бүлгийн ажил хийх гэж У бид хоёр их ядардаг байлаашд.Ямар нэг зохиосон юмаа дараагийн ажил дээр давталтай биш, шинэ шинэ сэдэв хэрэгтэй, тэгээд ч хүүхдүүд нэг л давтагдсан юм шиг санагдвал шууд л "өө, больё, энэ чинь тэгсэнш дээ" гээд л нам унтраагаад хаячихдаг болохоор одоогийн хэллэгээр бол их л эрэл хайгуул хийж, өөрийгөө болоод өрөөлийг онгичиж байж хийдэг байсийм.
Одоо та хэдийн хэлээд байгаа "хогийн" гээд байдаг фракцийнхан л эсэргүүцэж энэ тэр гэхгүй бол, ер нь аятайхан, тэр хэд тэгээд л энэ чинь түрүүчийн ажил дээр хийсэнш дээ гээд л эхэлбэл манай бүлгийн ажил ёстой нэг эх захгүй хаанаа юу нь болоод байгаа нь ч мэдэгдэхгүй шахам юм болноо. Гэхдээ л мань хоёр чинь захиргаадаад сурчихсан, нөгөөдүүл нь ч загнуулаад дасчихсан юм болоод бас ч гэж учиртай, жаахан дуугаа өндөрлөж хашгирч байгаад ямар ч байсан эхэлсэн юмаа дуусгаад л таардаг байсаан. Тэхдээ хүн чинь алдаанаасаа үргэлж л сурч байдаг амьтан юм чинь дараагийн удаагийн бүлгийн ажил дээр нөгөө эсэргүүцээд хүн уруу татаад байсан нөхрөөр чинь аль нэг хэсгийг нь хариуцуулаад хийлгэчихээр яг тэгж цуглаан зохион байгуулаач, та нар чимээгүй бай гээд л гүйж байгаа юм чинь. гэх мэтчилэнгээр явдаг байвш.Тэгээд тэмцээн уралдаанд түрүүлсэн нөхдүүдийг чинь хоосон яаж суулгахав гээд л 12 хуудастай дэвтрээр ч шагнах шиг болно доо, \У, бид хоёр ээлжлээд л гэрээсээ дэвтэр аваад байдаг байсан\ Тэгж тэгж 45 минутаа дуусгаж аваад нөгөө мундаг төлөвлөгөөнийхөө хамгийн сүүлийн "Биелэлт" гэсэн хуудсан дээр тийм тэмцээнд тэр салааны тэр түрүүлэв, тэр түрүүлэв гэж бичээд нийт төдөн оноогоор тэддүгээр салаа түрүүллээ гээд дуусгадаг байваа. Маргааш нь билүү, дараа долоо хоногийнх нь 1 дэхэд билүү ПАУ-гийн өрөөнд сургуулийн бүлгэмийн зөвлөлийн хурал болохоор нөгөө хийсэн юмаа яриад нэг санаа амардаг байлаа гэж, тэхдээ бид нар 5 ангид байсан хэдий ч дээд ангийнхний дор орно гэж байхгүй л байсийм дөө.

Friday, March 12, 2010

Баатарчуудын гишүүн..пионерийн гишүүн...эвлэл гэх мэт

Нэгдүгээр ангид ормогц бидний хэдэн хүүхдүүд чинь автоматаар шахуу баатарчуудын гишүд болчихож байгаа юм. Баатарчууд гэдэг нь бас Сүхбаатарын хүүхдүүд гэсэн утгатай байх. Баатарчуудын гишүүн хүний үүрэг даалгавар гэвэл мэдээж ах захаа хүндлэнэ, пионерийн гишүүн хүний үгнээс гарж болохгүй, дүү н араа асрана, гэр орон аав ээждээ туслана, цэвэрч нямбай, арвич гамтай байна гээд л. Ингээд л сургуульд орсон биш энэ өдөрөөс эхлэн олон арван хариуцлага хүүхэд бидний толгой дээр бууж байгаа юм.

За тэгээд 2-р ангид элсэхүй өвлийн амpалтын дараагаар пионерийн гишүүн болж байгаа юм.

Хуудасxан цаас жаалхүү аваад
Хурмаст тэнгэрийг нартай нь зураад
Нарны зургийн нэгээхэн дор
Нажнай хичээж бичихдээ

Энэ нар үүрд мөнх мандаж байж
Ээж минь үүрд мөнх насалж байг
Тэгээд би үүрд байж байг

Солнечный круг,
Небо вокруг —
Это рисунок мальчишки.
Нарисовал он на листке
И подписал в уголке:

— Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я!



...за санаанд орж ирсэнээрээ биччихсэн шүү, ганц нэг мөр, үг нь буруу байж мэднэ.
Пионерт элсэж байсан өдөрөө та нар санадаг уу? Би нилээн тод санаад байдаг юм. Мэдээж 2 сарын 2-н байсан байж таараа. Сүхбаатарын төрсөн өдөр, багш нарын баяр гэдэг утгаараа Ленины музеид очиж бөөнөөрөө элсэж байсан санагдах юм.
Эгнэж зогсож байгаад л энэ дууг дуулж байгаад л пионерийн тангараг аа дуржигнуулна даа. "Д. Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагад элсэн орж... МАХН-ын үйл хэргийг үнэнчээр залгамжлахаа тангарагaлаж байна" (3 удаа тангарагалах ёстой) гээд жинхэнэ пионер хүн шиг гаран дээрээ улаан бүчээ өлгөчихсөн, түүнийг нь пионерийн удирдагч (Маруся мөн билүү) хүүхдүүдийн хүзүүнд нэг нэгээр нь зүүж өгч байсан санагддаг юм.
Пионерийн удирдагч бидэнд яриа хийхдээ:
"-Та нар бол жанжин Сүхбаатарын хойчийг залгамжлагчид юм. Ийм учраас их жанжны төрсөн өдрийн ойгоор цөмөөрөө пионер болж залуу Сүхбаатарчууд болох ёстой.." гэх мэт өрнөнө, ухуулна. Бид хэд цэх зогсоод нэг ч чимээ гаргахгүй гүрийнэ.
Ийм болохоор пионер болно гэдэг Сүхбаатар жанжны хойчийг залгамжилж, залуу Сүхбаатар болно гэсэн үг юм. Би Сүхбаатар шиг баатар жанжин болохыг хүсэлгүй яахав.
Мэдээж өвөл болохоор их л хүйтэн байсан байж таараа. Харин би тэр хүйтнийг мэдрэх сөхөөгүй палтьоныхоо энгэрийг задгай тавьчихсан, галстукаа салхинд намируулаад баяртай нь аргагүй алхаж байсан санагдах юм. Хүмүүс миний галстукийг харчихгүй өнгөрчих вий гэж эмээж байгаа нь тэр. Гэртээ ороод л шууд пальтогоо тайлснаа, галын өрөөнийхөө цонхоор цухуйгаад, бараг цээжээ тэр чигээр нь шахуу урагш тонгойнгуут хүзүүн дэх улаан бүч салхинд дэрвээд л, ай мөн бахдалтай байжээ.
Ангийн дарга болохоор улаан бүчээ цэнхэр хүрээлдэг байсан шиг санаж байна. Хоёр гурван давхар хүрээтэй бол за тэгээд бүлгэмийн зөвлөлийн гишүүн этэр гээд тушаал дээшлээд явчихаж байгаа юм. Салааны дарга бол формон дээрээ нэг шар хөндлөн тэмдэгтэй, ангийн дарга бол ахиад нэг нэмэгддэг ч байлуу.
За тэгээд дээрээс нь ийм пионерийн тэмдэг энгэртээ зүүчихвэл өдөржин тэр хавиас халуу төөнөөд байдаг байсан бус уу.
Гэх мэт дурсамжууд байх юм. Гудамжинд зүгээр ч явчихгүй тааралдахаараа хоорондоо ёсолж этэр хэнхэглэнэ.
Биднийг ахлах ангид орох жилд ардчилал нээгдэж социализм нурсанаар эвлэлд элсэх гэдэг ялнаас салж байж билээ. Юутай ах эгч нарынхаа ярианаас сонсохуй эвлэл элсэхдээ заавал цээжилчихсэн байх ёстой өгүүлбэрүүд байх. Тухайлбал “Чи одоо хаана зогсож байна?” гэх ч юм уу, эсвэл “Чамд одоо цонхоор юу харагдаж байна?” гэх мэтийн зүйлсийг заавал асуудаг байсан бололтой юм. Тэгэхээр нь “Би МХЗЭ-ийн гал улаан шугам дээр зогсож байна”, “Надад цонхоор МАХН, түүний залгамж халаа болсон МХЗЭ-ийн социалист бүтээн байгуулалт, БНМАУ-ын хөгжил цэцэглэлт харагдаж байна” гэх мэтчилэнгээр хариулах ёстой байсан гэнэ.
Эвлэлийн гишүүнээ дуусгаад арав төгсөвүү үгүй юу тэгээд л МАХН-ын гишүүн болж байгаа юм. Гэх мэт социалзмын дардан зам урсаж өгнө дөө урсаж өгнө. Сонирхолтой ч юм шиг. Иймийн учир бидний үеийнхэн бол бүхэл бүтэн цаг үеийн амьд гэрч нар гэж боддог oo.

Бөөн баяр

Сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж ангийнхантайгаа уулзахаар сургууль руугаа алхлаа. Хоёр давхар хуучин сургууль гаднаасаа хэвээр сүндэрлэнэ.Хаалгаар ороод чигээрээ явах гэтэл хаалт хийгээд жижүүртэй болчихож. Асуулаа. 102 тоот ангид хэдэн сурагчид багштайгаа хичээл хийнэ гээд л орсон, баруун эргээд чигээрэй яваарай, чимээгүй байгаарай гэж харин хэлсэнгүй шүү. Ойртох тусам “хүүхдүүд”-ийн инээд чангарсаар. Хаалгаар орохоос нэг л имээлээ. Хачин догдлоод эхэллээ. Зориг орлоо шүү. Ороод харлаа. -3 \ хараа муудсан \ шилний цаанаас хэн нь хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй танилаа. Багын төрх байна шүү, багын зан нь ч байна шүү. Инээж, ярьж байгаа яг хэвээрээ. Хорин хэдхэн нас нэмэгдсэн болохоос бусдаар ч цоглог байсан шүү манайхан. Хөвгүүд маань гар дээрээ сунахаа болиод том гүзээтэй, том том баавгайнууд болж. Аальгүй охидын шивнээ яриа хананы цаана үлдсэн юм болов уу? Намба сууж, айлын эзэгтэй болоод даруухан болж охидууд маань. За тэгээд муу хүн идэж ууснаа гэдэг ч яадгийн идсэээн, уусааан. Болор, Тайгер хоёр лайтай байсан шүү. Охидууд хайрлагдаж, хөвгүүд зангарагтай яваагаа нэг нэгээрээ нууж хаалгүй дэлгэж эхэллээ. Бүгдээрээ амьсгаа даран сонсч эхэлсэн. Ингээд өөрийн ойлгосноор нөхдүүдийнхээ намтаруудыг набор болгож бичлээ.
Чингис хааны удамт Батболд хүү
Банзан гитар, баргил хоолойгоороо
Охидыг уярааж байсан цаг саяхан
Одоо харин гадаадынханд
Охидоо алдахаас эмээдэг болж
Орж гарахад нь биеийг шалгаж
Чингис хааны буудалд санааширдаг болж
Тоонд дуртай Даваа-очир
Тооны багш аавтайгаа хамт
Азын дугаартай машинуудын дугуйг
Уралдаж тоолж харсаар байгаад
Дугуйны бизнес эрхэлдэг болж
Гурван очир ХХК-тай юм дагаа
Гомдолтой хүн байна уу гэж багш асуухад
Би Укад гомдолтой гэж Мөнхтөр хэллээ
Гомдлоо тайлж идсээр байгаад
Мах комбинатын үнэнч ажилчин болжээ
Хүч чадлын томъёон доор
Хүмүүжиж өссөн Гансүх
Банкны сандал дээр хүчээ үзнэ
Долларын ханштай хүчээ үзнэ
Сэргэлэн бас их сэргэлэээн
Сургуулиасаа салахыг хүсээгүй ч юм уу
Багш болох даалгавартай байсан ч юм уу
12-р сургуульдаа аварга сайн багш болж
Алдсан цагаа нөхөх болж
Мөнгөдөх дуртай Мөнх-оргил
Одоо ч мөнгөдөж тоглодог гэнэ
Өөр юм бодох үнэн завгүй
Хувиараа мөнгө хийгээд ёстой завгүй
Мистер болоод ч хүүхэд хэвээрээ
Боос болоод ч Батзул хэвээрээ
Банкны хаалгаар эргэж дэггүйтдэг байх
Блогоо уншаад уярч дэггүйтдэг байх
Багаасаа л эмч болохыг хүсдэг байсан
Алтанзул маань доктор болжээ
Ашгүй дээ биеэ үзүүлцгээе гэтэл
Хүн эмнэхгүй ээ битгий мөрөөдөцгөө
ТИС-ийн оюутнуудад газар эмнэхийг зааж байгаа гэдэг байгаа
Сэм ирж, сэм явдаг
Сэм сэм нэг хөвгүүн
Мэргэжлээ зөв сонгосон байна лээ
Мөнхбаяр “сэм” хэрэгтэй тэмцдэг прокурор болсон гэж байгаа
Ардын элчийн Ариунаа
Кинон дээрээ л бүтэлгүй нөхдөөс зугтсан
Амьдрал дээрээ харин эсрэгээр
Бүтэлгүй нөхдүүдээ хөөдөг хуульч болж
Орчлонгийн сайхан Минъяан
Гэртээ тогтоно гэж үгүй
Монгол Япон улсын хооронд
Орчлонгийн сайхныг судалдаг гэсэн
Эмээ өвөө нар шуугилдаад эхэллээ
Эх орны хишиг тарааж байгаа бололтой
Манай Даваа угаасаа өрөвч
Бүгдэд заавал хүртээж л таараа
Хотоор дүүрэн машин
Зам бөглөөд зогсчээ
Есөнчулууны автосервисийг тойроод
Наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон юм байжээ

Хэн нэгнийг үлдээгээгүй байгаа? Аан нээрэн. Сайхан-уянга, Хаш-эрдэнэ, Сарангэрэл, Батдэлгэр, Янжинсүрэн гэдэг таван сайхан бүсгүйтэйтэй танилцсан. Дөнгөж танилцсан болохоор дөмөгхөн үг хэлж мэдэхгүй байна. Цэрэг аавыгаа дагаж энд тэнд тэнүүчлээгүй байсан бол би 6В-д биш 1В-д орж таван бүсгүйтэй чамгүй найзууд болохгүй юу. За үргэлжлээд. Дуулсаан, хоршсоон. Бүгдээрээ анхны хичээлээ, анхны хайраа дуулсан. Дуулж дуусаад багшаа амраахаар таксинд суулгасан. Харин далимд нь хэсэг нөхөд бултаж эхэлсэн, баригдахаасаа өмнө зам гараад голорч эхэлсэн. Үлдсэн нөхөд үргэлжлүүлж халуураад паркад байрлах “үсэргээний” газар руу явлаа. Бүжиглэсээн, үсэрсээн. Модерн токинг, ламбада, бони-м багын шүтээн дуунууд захиалсан юм шиг ар араасаа доргиож өглөө. Бүжиглэсээр байгаад цаг 03 болсоныг анзаарсангүй. Гэр бүлтэй гэдгээ бүгдээрээ саналаа. Нэг л салмааргүй байсан болохоор таксинд 6-уулаа км хүрэхгүй газар чихэлдэж явсан гээд боддоо. Махаа, Даваа хоёр багтаагүй үлдсэн нь яамай даа. Тэгээгүй бол ч шпрот болсон. Бөөн баяр сэтгэлд хурсан ч харих замдаа жоохон гунилаа. Ингээд л болоо.

Энэ бүхнийг бичсэн сэтгүүлч Хулан.

Thursday, March 11, 2010

1В-Reunion

Нэг мянга есөн зуун наян таван онд 12-р сургуулийн 1В ангид ээж аав, ах эгч, эмээ өвөөдөө хөтлүүлэн орж ирцгээсэн ангийн андуудын 25 жилийн дараах цугларалт 2010 оны 3-р сарын 6-ны 12 цагт төрөлх сургууль дээрээ, 108 номерийн ангидаа болсноор эхэллээ. Ангийн нөхдүүдээс 9 охин, 10 банди буюу нийт 19 хүн хүрэлцэн ирсэн нь хүлээгдээгүй маш олуулаа цугласан уулзалт болсон. Ирсэн хүүхдүүдийн нэрийг дурдваас....Ангийн дарга Сарангэрэл, Сэргэлэн, Янжинсүрэн, Батдэлгэр, Хулан, Алтанзул, Хаш-Эрдэнэ, Ариунаа, Сайхан-Уянга, Есөө, Гансүх, Болдоо, Миньян, Мөнхтөр, Даваа-Очир, Л.Даваа, Батка, Гансүх, Мөнх-Оргил + Ангийн багш Сүнжидмаа.

За тэгээд цугласан нөхдүүд маань нэг нэгээрээ багш дээр очиж өнгөрсөн 25 жилийн тайлангаа тавьцгаалаа товчхон, тэр хооронд нөгөөдүүл нь мөн үүх түүхээ ярилцав.Зарим нэг нөхдүүд маань бие биендээ танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн үү, эсвэл 25 жилийн амьдралын нугачаа, ачаалал стресст мартсан уу нэрийг нь хэлж чадахгүй байх, танихгүй байх..." Чи чинь хэн билээ" гэх зэрэг асуудал гарсөөн нуугаад яахав.Ангидаа бөөнөөрөө, багштай нэг нэгээрээ зургаа авхуулж зөндөө юм ярьж инээлдэв. Бас хамт суудаг байснаараа партан дээрээ сууж зургаа даруулав.

Ангидаа энэ мэтчилэн сууж байгаад 8-аа төгссөн ангидаа (301) орж суухаар болсон боловч түлхүүр нь олдсонгүй, тэгээд үүдэнд нь бас тэр үеийн дурсамж, Ука Ганааг индэрт хийж сэгсэрсэн, охидоо шатнаас дүүжилдэг байсан, Махааг боож ухаан алдуулсан зэрэг тэнд болж байсан явдлуудаа яриад бас нэг патиараа даруулцгаав.Ингээд сургуулиасаа гарч үүдэнд нэг зураг даруулаад хүндэтгэлийн зоог барихаар 10-р хороололд байдаг Effes хэмээх баарын зүг хөдөллөө. Ихэнх нь машинаа орхиж ирсэн тул таван шараар хөндлөн алхаж буудал орж такси барихаар явцгаав банди нар. Замдаа Гансүх бид 2 өссөн байрныхаа гадаа зургаа даруулсан гэж байгаа. Ингээд болзоот газраа ирж хоол идэж, ширээ тойрон сууж халуун яриа өрнүүллээ. Эхлээд 4 ширээнд хуваагдаж сууж байснаа хоол идсэний дараа ширээнүүдээ нийлүүлэн бүгд нэг тойрогт оров.

Анхны хундага... Багш үг хэлж ерөөл айлдав....Манай багш нийт 8 бага анги төгсгөснөөс бид нар хамгийн бахархалт, бас эргэж ингэж гоё уулзсан, сэтгэлд ойр анги нь гэдгээ хэлсэнийг дуулахад баяртай байлаа.





Багшдаа бэлэг гардуулав....

Цэцэг, морин хуур, Монголын уран зохиолын дээжиc түүвэр 12 боть ном бэлэглэсэн....

Зохион байгуулагчдын маань дарга Алтанзул маш их сэтгэл гаргаж дүү нараа хүртэл дайчлан дөнгөж хамтдаа авхуулсан зургаа хүн бүрт нэг нэг хувь угаалгаж өглөө. Зураг бүрийн ард нэрээ, утсаа бас Yahoo ID гаа бичиж байгаа нь.....
Ингээд хүн бүр өнгөрсөн хугацаанд хаагуур юу хийж явсан, одоо хаана ажиллаж байгаа, гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярьцгаалаа. Тэгээд энэхүү газраасаа гарч хажууд нь байдаг Караокед орж дуулж суув....
Ингээд 10 цаг хүртэл арга хэмжээ маань үргэлжилсээр дуусч багш гэртээ харьж диско эхэлсэн билээ. Энэхүү тайланг бичигч миний бие вээр мөн тасардагийн даваан дээр тэгэсгээд явсан тул цаашид диско дээр юу болсон талаар байсан нөхдүүд үргэлжлүүлнэ буй зааа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Алтанзул, Даваа-Очир, Хаш-Эрдэнэ, Даваа нартаа дахин бүх нөхдийнхөө өмнөөс гүн талархал илэрхийлье. Хүмүүсийг энэ олноор цуглахад Ука, Э бид 3-ын хөтөлдөг энэхүү блог маш их хөшүүрэг түлхэц болсон гэж хэлж байсныг та 2-тоо дуулгахад таатай байна. Дурсамжаа үргэлжлүүлэх урам зориг орсоон та нараасаа ингэж дуулаад... Уулзалтын тухай цаашид, хүн бүрийн зургийг мөн оруулах байдлаар үргэлжлүүлнэээ....



1 юм

БЭээ баярлав, тэгээд санаанд орсон 1 юмаа бичмээр санагдаад бичлээ:

Зүрхний гүн дэх баярын урсгал шиг
Зүүдээ чимсэн балчир нас минь эргэж ирэхгүй ч
Хоног тоолон та нарыгаа бодож сэтгэлдээ дуулсан
Хонгор багын ариун сэтгэл хуучрахгүй ээ...

уг нь бол "чамайгаа" л гэдгийн, гэхдээ энд олон тоо байвал илүү бмаар санагдаад өөрчлөв.

...

За манайхаан, цаана чинь зарим нэг хүн уулзалтын тухай бичлэг хүлээгээд нас нь гүйцэхгүй, бие нь дийлэхгүй болох шинжтэй дэг шүү. Бушуул гэм гэсэн :).
Угийн тэвчээр муутайм болохоор тэгээд тэсэхгүй тэнд эндээс хүмсийн ажлын цагаас хумслан байж жаал жуул сонин дуулсан гэжугаа. Зүгээр сонсож чадахгүй л дээ нөгөөх чинь, "гоё юм аа", "сайхан юм аа" гээд дундуур нь атаархаад байгаа юм шиг сонин, сонин болно оо, :-р.

Зүгээр суухаар зүлгэж суу, амьтан хүн өдөж бичээч энэ тэр гэж байхаар санаанд орсон юмаа буулгаж байя дөө.

Багш ангид орж ирэхэд хүүхдүүд дэрр хийтэл босож зогсоод л:
-Сайн байцгаана уу?
-Сайн, (та сайн байна уу гэж араас нь хэлдэг байл уу, гүй бил үү?????????? энэ бүсгүй ч мартана санана гэж гачин болжээ)
-Сууцгаа
гээд л хичээл эхэлдэг байсан даа.
С багш маань тэгээд хаана ч байсан ахмад хүмүүс, багш нартай мэндэлж бай гэж ой тойнд суутал хэлсэн болохоор манька нь тэнд дүрдээ итгээд байрныхаа хэдэн өвөө, эмээтэй өдрийн хэд мэндэлдэг байв шд. Байтугай хойд талын байранд амьдардаг ээж, аавтайгаа тааралдахаараа "Сайн байна уу" гэж мэж мээкээтнээ. Эмээ дээрээ өссөн хүн ингэдийм байна гэсэн. Нэг л удаа хүнтэй яаж мэндлэх учраа олохгүй тэвдэж билээ. Ингэсийн, 1-р ангид би гадаа явж байлаа. Миний урд 2 эмэгтэй хоорондоо юм яриад л яваад байна. Тэгсэн нэг нь а-ийн Оюун, нөгөөх нь г-ийн Сарантуяа багш байна. Миний толгойд шууд л "У, чи багш нартай мэндлэх ёстой. Үгүй бол чи муу хүүхэд" ч юм уу нэг тиймэрхүү л юм бодогдсон байх. Гээд ард нь явж байгаа хүн хоолойгоо засаж анхаарлыг өөртөө таталтай ч биш, дөхөж очоод гарнаас нь дугтрах уу, тэрүүхэн хооронд учраа олохгүй дагаад л алхаад байлаа. Тэгж, тэгж нэг мэргэн ухаан төрөөд, нөгөөх чинь нэлээн ухарч хойшоо алхаж байгаад гэнэт хурдаа аваад л урагшаа гүйцэн. Тэгээд л яг 2 багшийн хажуугаар гарахдаа аймаар чангаар "Сайн байцгаана уу?", хэ хэ хэ. Нөгөө 2 чинь цочоод "хүүе яадгүлээ" гэсэн үү, ямар ч байсан аймаар дуу алдаад. Би яахав, үүргээ биелүүлж, санаа нь амарсан нөхөр маргааш нь хичээлдээ явсан чинь С багш намайг дуудаж байна. "Миний охин хүнтэй тэгж хамаагүй дайрч унагах шахан мэндэлдэггүй юм", :))
. Толгойд нэг юм дон, дон гээд сайн ойлгож авсан л даа, үүнийг.
За тэгээд хичээл эхлэхээр дэвтрээ гаргаад л голд нь
11-р сарын 14
Ангид
гэж бичнэ. Сар, өдөр нь ижил байвал нээх баярладаг байж билээ. Хичээл дуусахаар Гэрт: Дасгал 8 гэх мэтээр... Ёох, бүр саначихлаа байна, буцаад хэдхэн минут ч хамаагүй тэр үедээ эргэж очихсон.
За, за манайхаан, маниус нь (энэ мань гэж манай ангийн хөвгүүдийн байнга хэрэглэдэг үг тээ) энд та нарынхаа, багшийнхаа тухай юм хүлээгээд л, хүлээгээд л, хүлээгээд л...............байгаа шүү.

Thursday, March 4, 2010

Манай ангийнхан

Зангад гуайн дуулсан ийм нэг дуу байдаг бил үү?

А үсэг хамт заалгаад
Аргын тоо зэрэг зурсан
Зүггүйхэн багын хэдэн нөхөд минь
Зүрх сэтгэлд үргэлж хүүхэд хэвээр явдаг

Хүүхэд гэхэд сонин байгаа ч
Хүний чихэнд содон дуулдлаа ч
Наадаж өссөн багын нөхөд минь
Насаараа нэгэндээ ангийн хүүхдээ

Аяны шувуу шиг он жилүүд
Ар араасаа нисээд өнгөрсөн
Уралдаж тоглож өссөн болохоор
Уулзахад тэд минь дандаа хүүхэд хэвээр байдаг

Магтаал зэмлэл алинд нь
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь гэнэтхэн таарахад
Хэнзхэн насны дурдатгал сэргээд ирдэг

...Нэг билүү хоёрдугаар ангид л байсан байх. Нэг удаа аавынхаа гараас хөтлөөд гурав дөрөвдүгээр хорооллын тэнд алхаж явтал нэг хүн манай аавыг их л танимхайран хүрч ирээд л мэнд усаа мэндэлцэн сүйд майд болох юм. Хэсэг юм ярилцаж байгаад тэр хоёр салаад, сүүлд автобусанд суусаныхаа дараа ааваас би "саяны хүн хэн бэ?" гэсэн чинь "аан, манай ангийн хүүхэд" гэж авсан. Миний инээд хүрээд, "ийм хөгшин ангийн хүүхэд байдаг юм гэнэ ээ..." хэмээн ээрч муурч унасаар өнгөрч билээ. Яагаад ч юм одоо ангийн хүүхэд гэхээр л нөгөө аавтай явж байсан дурсамж санаанд бууж ирээд байдаг юм.
Үүн шиг л ангийн хүүхэд ангийн л хүүхэд хэвээр үлддэг гэдэгийг тухайн үед балчир ухаандаа ойлгохыг ч хүсэхгүй явж дээ.
Зиа ингээд ангийн андууддаа 3 сарын 6-д сайхан уулзалдаад, багш дээр очоод зөндөө олон зураг хөрөгнүүдээ авaхуулаад, хүүхэд насаа дурсаж байгаад ирээрэй гэж захия. Бас уулзсан хүүхдүүдийн эмайл хаягнуудыг цуглуулахаа мартав. Олон сонинтой, сайхан бичлэг дараагийн удаа оруулаарай.
Аан тийм, алс хол хүний нутагт суугаа хэдэн нөхдүүд бид хэдээс томоос том мэнд хүргэхээ мартуузай. Үргэлж энэ дотор(цээж рүүгээ заав) та хэдийнхээ дүр зургийг хүүхэд чигээр нь хадгалж явдаг юм шүү.