Tuesday, September 21, 2010

Зураг түүх өгүүлнэ. . .

М: Сайн уу?
БЭ: Өө сайн, чи сайн уу?
БЭ: Мань чинь урилга илгээчихсэн байгаа шүү, бүртгүүлээд ороод ирээрэй.
М: Бүртгүүлэх гэсэн нууц үг буруу гээд байна аа яах уу?
БЭ: Тийм үү, урд нь бүртгэлтэй байсан юм болвуу?
М: Маньд чинь нилээн хэдэн жилийн өмнө ангийнханы авхуулсан зураг байдаг юм. Тэрнийг оруулах гээд л байна.
БЭ: Чамд яг одоо байгаа юм уу? Би оруулаад өгөх үү?
М: Энэ зурагнуудыг Махаагаас өөр хэн ч үзэж амжаагүй юм шүү.
БЭ: Ховор нандин зурганууд байна
М: Гансүхийн туранхай байх үеийн зураг
БЭ: Харин тийм байна, бүгд гоолиг байж ээ. Энэ хэдэн онд юм бэ?
М: Нилээн хэдэн жилийн өмнө байх аа, Махаагийн хүүхдүүд ийм жоохон байсан гээд бодхоор бараг л Есөөгийн хуримын дараа мараа л юм болвуу даа, бби сайн санахгүй байна.
БЭ: Сүпер зурагнууд байна.
М: Баткагийн хуучин байрны тэндэх паабанд сууж байсан шиг санаж байна.
БЭ: За олон сайхан зурагнууд байна, баярлалаа, би оруулчихъя аа.

Гэсэн яриа Миньяaн бид 2 ын дунд өнөөдөр болж өнгөрсөн юм. Та хэд нэмэрлээд энэ хэзээ, хаана, ямар учир тохиолдлоор тэгээд бас яагаад зөвхөн хөвгүүд байсан эсэх гэх мэтийг нэмнэ биз.

Жич: Нилээн их зураг байсан тул бүгдэнг нь энд хуулаад оруулчихсан байгаа шүү. Сонирхсон улсууд орж үзээрэй.

Thursday, September 2, 2010

9 сарын 1

9 сарын нэгэн боллоо ерөөсөө бидний баяр даа. Энэ дууг мэддэггүй хүн байхгүй гэхэд бараг хилсдэхгүй. Бага ангид орохдоо л бид энэ дууг заалгаж, цагаан толгойн номны эхний хуудсанд хүртэл морио унаад аавыгаа дагаад явж байгаа хүүгийн зураг дурайна. Тэгэхээр ой ухаанаас мартахын аргагүйгээр цээжлэгдсэн байдаг биз. Үнэхээр бид өөрсдөө ч аав, ээж, ах, эгчээрээ хөтлүүлээд очино. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа биднийг бага байхад ч болдог байсан. Бүх багш нар сургуулийн үүдэнд эгнэж зогсоод, захирал үг хэлж, сургуулийн урлагийн аврагууд нь урлагын үзүүлбэр үзүүлээд, эцэст нь 1-р ангид орж байгаа хөөрхөн хүү, охин 2-г сонгон хонх цохиулаад, тэр жил төгсөх 10-р ангийн ах эгч нар нь 2, 2оороо хөтлөлцөн орсноор нээлт дуусна. За тэгээд өглөө орох ээлжтэй ангиуд нь сургуульдаа ороод бусад нь тарна. Эхний өдрийн хичээлүүдийн сэдэв бараг бүх ангид ижилхэн ойлгомжтой “Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай” зохион бичлэг бичнэ, ярилцана. Өглөө хичээлдээ цугласнаас хойш жаахан бишүүрхүү байсан хүүхдүүд энэ бичлэгийг бичиж, эсвэл харилцан ярилцсанаар нүүр хагарч өөрсдийн их ажил болох үймүүлэх ажиллагаанд шилжинэ. Тэгээд бас хэн, хэн хаана амарч, хэрхэн өөрчлөгдсөн бол би хэнээс өндөр болсон бол, өндөр намаараа жагсахад хэний дээр зогсож байгаа бол? гэсэн асуулт хүүхэд бүхэнд бий. Бага ангид байхад санаа зовоодог нэг зүйл бол яах аргагүй зуны даалгавар. Зуны даалгавар гэснээс нэг зүйл санаанд орчихлоо. Бид бэлтгэл ангид хавар суугаад амрахад Сүнжээ багш гурвалжин, дөрвөлжин, ташуу шугам зурж хэдэн ч билээ дэвтэр дуусгах даалгавар өглөө. Би зунжингаа лагерт тоглоод даалгавраа хагас хийчихснээ 9 сарын нэгний өглөө гэнэт санаад “Би даалгавраа хийгээгүй байна, би энэ сургуульд чинь явахгүй” гэж уйлж гэрийхнийгээ айлгаад шөнийн ээлжинд ажиллаад дөнгөж гэртээ орж ирээд байсан эгч маань миний өмнөөс баахан гурвалжин дөрвөлжин зурж өгөөд явуулж билээ хэ хэ. Гэтэл багш тэр даалгаврыг шалгаагүй ш дэ. Ер нь хийсэн хүүхэд ч цөөхөн байсан байхаа. Анги дэвших тутам зуны даалгаварт санаа зовоохоо болино. Энэ нь том толгой гаргаж зуны даалгаврыг хийхээ болино гэсэн үг. Бичих, бодох даалгавраас гадна эрвээхэй, цэцгийн хатаамал хийх, согооврын үр түүх гэх мэтчилэн даалгавар ч бас өгнө. Тэрнийг биелүүлж байна гэж хөөрхий олон ч эрвээхэйг номны завсар хавчуулж мартсан даа.

Шинэ хичээлийн жилийн эхний өдөр хичээлдээ явах сайхан шүү тэ. Шнэ ном, дэвтэр, форм, үзэг харандаа гээд л бүх зүйл шинээр эхэлж байгаа байгаа болохоор нэг л баяртай, сэтгэл өндөртэй байдаг байлаа. Ингээд хавар хүртэл ангийхантайгаа хамт бужигнаж, үймүүлж, хичээллэж, шалгалт шүүлэг өгөх хичээлийн нэг жилийн аян эхэлнэ дээ..............

Ангийхаа охид, хөвгүүдийн хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.



by Zulaa