Thursday, March 17, 2011

Гарчиггүй

интернээс олов. эх сурвалж нь хаа сайгүй байна лээ. хэн бичсэнийг мэдэж чадсангүй.

-------------------------------------------------------------------------------

Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний үед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч үнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь өлсгөлөн байсан гэсэн үг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад өрөвдмөөр. Чихэр нь багадчихгүй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хүргэж байна.

Ирис

Хийхэд маш амархан, материал бага шаардана. Ердөө л хэдэн грам элсэн чихэр, бага зэргийн масло байхад болоо. Жижиг төмөр сав олоод маслоо хайлуулаад, элсэн чихрээ дээрээс нь хийгээд хайлуулна. Элсэн чихэр нь хайлахаараа бор зууралдсан өнгөтэй болох бөгөөд бүрэн хайлсаных нь дараа сайтар хөргөөнө. Ингээд л эрээс маань бэлэн болно. Хэрэв энэхүү эрээсээ илүү романтик болгомоор байгаа бол элдэв дүрс энэ тэр гаргаж, иш модонд өлгөх, цайны халбаганд хатаах зэргээр элдэвлэж болно. Дээр үед эрээсээ хийх жижиг сав тэр бүр элбэг байдаггүй байсан бөгөөд халуун савны гадуурх төмөр таг нь бол яг л зориулалтын юм шиг таардаг байлаа. Зарим айлд ороход халуун савных нь таг нь байдаггүй байсан нь ийм учиртай.

Харин энэ нь эрүүл мэндэд хэр нөлөөтэй, хэр их уураг, өөх агуулагдсан байдгийг сайн мэдэхгүй юм. Лав л шүдэнд сайн биш гэдгийг бид мэднэ. Дахин хэлэхэд энэ нь хааяа л хийж идэх ховор эд гэдгийг дахин санаарай. За залуу минь, одоо энэ лангуун дээр ёоз ёозоороо өрөөтэй байгаа ирис хэмээх багачуудын хорхойг нь гижигдсэн амттанг чинь ээж аав, ах эгч нар чинь иймэрхүү маягаар л гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байлаа шүү дээ.

Какаотой пирог

Энэ амттан бол жоохон үнэтэй босдог. Бас үнэн тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадах аваас салахын аргагүй гоё амттанг өөрөө үйлдвэрлэх боломжтой. Пирогыг хийхэд лаазтай какао, хуучин жаран мөнгөний хэмээх жигнэмэг хоёр боодол байхад болоо. Одоо энэ Юбилейное ч болно доо. Эхлээд печениэ хоёр хоёроор нь хооронд үрж, үйрмэг болгоно. Хэрэв энэ нь ядаргаатай бол хэд хэдээр нь цаасанд ороогоод нүдэж үүрүүлэх Бага тойргын арга ч бий. Микрийн гэж бас нэг арга бий. Тэр нь жигнэмэгээ амандаа хийж, сайтар зажлаад буцаан гаргаж ирэх бөгөөд үүнийг чамд нэг их зөвлөмөөргүй байна.

За ингээд яаж ч яахав жигнэмэгээ үүрүүлсэн бол саванд хийгээд дээрээс нь какаогоо задлаад асгана. Хооронд нь сайтар хутгах бөгөөд бүр нойтон болгож болохгүй. Хоорондоо зунгааралдаад зуурмаг маягтай юм болж ирнэ. Түүгээрээ бас л элдэв дүрс, өнхрүүш гэх мэт хийж болно. Маш амттай.

Бохь

Энэ бол маш аюултай бөгөөд эрсдэлтэй. Бохь хийх гурван янзын арга байна. Дээр чинь бохь дэлгүүрт зардаггүй. Байгаа ганц газар нь валютын дэлгүүрүүд бөгөөд тийш монгол хүн орох эрх байхгүй. Нөгөө нэг арга нь Хийдийн (ХИД буюу Хүнсний Их Дэлгүүр гээд одоо энэ С1 ТВ-ын байр) цаахна зогсох панзчин нэртэй хүмүүсээс худалдан авах. Бас хэрэндээ үнэтэй. Нэг төгрөг байсан санагдана. Тэд нар бол Чингис буудлыг барьж байсан Венгерийн мэргэжилтэнгүүдээс худалдаж авдаг байсан шиг байгаа юм. Тэдний байр нь яг манай хажууд байх бөгөөд аймаар гоё хувцастай, хөөрхөн эгч нар тэр байраар дандаа эргэлдэнэ. Нэг орой бүр нэг нь согтоод бөөн юм болж байсан санагддаг. Гэхдээ одоо бол энэ нь жирийн үзэгдэл тул чамд сонин биш. Тэгээд ч том хүмүүсийн асуудал, харин бид зөвхөн чихэр боов ярьж байгаа. Гэхдээ бас тэр эгч нар их гоё үнэртэй байсан санагддаг юм. Яагаад ч үнэрийг нь үнэртэх боломжтой болсон юм. За за бохио ярья.

Бохь олдвол тэр чинь мөнхийн юм. Биентэйгээ хуваана. Зажилж байгаа бохио шүү дээ. Орой унтахдаа хадгална. Одоо ч зарим улсууд ингэсэн байгаа харагддаг, хөөрхийс. Чихнийхээ ховдолд наан хадгалаад, хоолоо дуусаад дахиад зажилна. Ширээнийхээ доор, төмөр орны арааманд гээд нааж хадгалж болох хаа л байна, түүнд наана. Хэрэв үнэр, амт, өнгө нь гарсан байвал өнгийн харандааг бэрээткээр зороод, бохьтойгоо хольж өнгийн бохьтой болно. Ээ дээ, бид яасан ч их санаачлагч байсан юм бэ дээ. Маргааш зажилсан бохь алга болвол хөөрхөн дайн хийнэ. Бохь гэдэг бидний хувьд тийм л үнэтэй, нандин юм байлаа.

Өнөөдөр ч бохь гэдэг нь амны хөндийг эрүүл байлгах, шүдний завсар орсон өвдөл цөвдөлийг суга татан авдаг түр зуурын хэрэглээ байх утга учраа ч олоогүй л байна. Ялангуяа дэгжин авгай нар амандаа бохийг хэдэн арван цагаар тас няс хийлгэн зажилах нь үнэн тамтай. Тэр бохь нь амных нь өмхий үнэрт хордоод, аманд орсон даруй шууд үнэрээ алдаад, одоо бол зүгээр л эрзээн болсон гэдгийг анхаарах ч сөгөөгүй, гудамж, олон нийтийн газар хаа л бол хаа жалир жалир гэнэ. Өмнөөс нь цаас аваад өгмөөр.

За ингээд хялбар биш ч гэсэн мөнгө төлөхгүйгээр бохьтой болох хэдэн аргыг хуваалцья. Эхний арга нь тун энгийн. Хуучин сүрчиг хэмээх “духи”-нууд байлаа. Наташа, Новая Заря, Красная Москва гэх мэтийн нэртэй. Эдгээр сүрчигнүүд бол бидний дараагийн “хохирогч” нар болох юм. Тэдгээрийн эргэдэг таглааг нь аваад доторхийг нь харахад нэг жоохон цагаан пластик жийргэвч байгаа. Энэ нь үнэртэй усны үнэрийг нь гаргахгүй, тагыг нь бөх бат байлгах гэсэн эд л дээ. Түүнийг нь хуруугаараа, зүүгээр янз бүрээр оролдоод татаж гаргана. Тэгээд л болоо. Түүнийг угааж, арчихгүйгээр шууд амандаа хийн, хэдэн цагийн турш эрүүгээ чилтэл зажилна даа. Тэгж байтал чинь аяандаа сайхан, жижигхэн цагаахан бохь болоод ирнэ. Бас сүрчигний үнэртэй. Хэсэгтээ л цагаанаа алдахгүй дээ.

Хоёр дахь арга нь бас тун энгийн. Үүнийг зун, намрын цагт хийвэл зохилтой. Ууланд гараад модны давирхайг цуглуул. Энэ нь маш наалдамтгай шинж чанартай, шингэн байгаа. Амандаа цуглуулж явсаар байтал хоорондоо нийлээд овоо юм болно. Амт нь гэж их эвгүй, тэгээд ч залгиж ерөөс болохгүй. Нилээд хэл ам дарвигнуулан, явдал суудал болж байж байж нэг юм аманд эвлэрнэ дээ. Түүнийг хэдэн цагаар ч амандаа хивж болно. Хамгийн гол нь “найрахаар” очсон охиндоо давирхай зажилж байгааг мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Ам л хөдөлж байвал тэр чинь саак.

За сүүлчийн нэг арга нь бол бүр замаа алдсан юм байгаа. Одоо бол маш элбэг болсон. Энэ нь замын хар хэмээх байшин барилга, зам харгуйг шавахад хэрэглэдэг материалыг хэлж байна. Мэдээж тас хар өнгөтэй, хэл амыг тэр чигээр нь тас хар болгоно. Үүнийг туршиж үзэхгүй байхыг зөвлөж байна. За ямар хортой болохыг манай онцгой байдлынхан ч дор нь хэлж мэдэхгүй эд дээ. Гэхдээ л хаа нэгтээ хар бохьтой хүүхдүүд байдаг л байлаа.

Тоглоом

За тэгээд бидний үед тоглох тоглоом ч ховор байлаа. Бөглөөдөх, мөнгөдөх, дадаандах, чихрийн цаасдах гэх мэтийн үнэн гоё тоглоомууд зөндөө. Монголчууд бид мал гаргаад түүнээс хаях юм байдаггүй гэж ярьдаг шиг, чихэр идэхдээ хаях юм байдаггүй байлаа. Цаасыг нь мөлийтөл нь тэгшлээд гурав эвхээд тоглоом тоглочихно. Бид тэр бүр ээж ааваараа ийм ч тоглоом, тийм ч амттан авахуулна гэж урвагнадаггүй байлаа гэж. Их creative байгаа юм.

Жоохон том болоод ирэхээрээ бөглөөднө. Улаан ус, шар айрагны бөглөөг тэгшлэн нүдээд л болоо. Уул нь энэ байрнуудын хогыг ухаад байгаа үзэгдлийг миний үеийн хүүхдүүд анх санаачилсан юм шүү дээ. Гэхдээ хоол хүнс, шил лааз биш, харин бөглөө түүхээр. Түрүүн дээр хэлсэн хажуу талын мэргэжилтний байрны хогын пункерыг нь яруу алдарт тоглоомныхоо төлөө нэг удаа ухаж байсан юмдаг. Венгерүүдийн хогноос том улаан таван хошуут, жижиг таван хошуунууд гээд янз бүрийн бөглөө гарна. Эд бол жинхэнэ том гарууд нь. Нэг нь бараг таваас арван бөглөөтэй тэнцэнэ. Одоо санахад тэр жижиг таван хошуунуудтай нь Heineken байсан шиг байгаа юм.

За бүр том болвол мөнгөднө. Энэ бол үнэн шуналын бас аз эзийн тоглоом. Бутархай мөнгө цохидог тусгай чулуунууд хүртэл байх. Олон мөнгө хожсон цохиур хааяа үнэд хүрэх тохиолдол ч бий. Эзэн нь түүнийгээ нандигнан хайрлана бас хамгаална гэж хэрэндээ зовно. Бүх мөнгөө монжуулсан хүүхэд тэр чулуунд өс санан барьж аваад холоо чулуудах нь ч энүүхэнд.

Бас хадаасдах, автийркдах гэх мэтийн тоглоомууд байхаас гадна тоосгоор танк болгон элсэн дээр тоглоно. Гарын дүйтэй хүүхдүүд шаврыг шүлсээрээ сайтар зууран хатуу болгоод тоосгон дээр нь хөөрхөн бөөрөнхий хийчихнэ. Харахад л сүрдмээр. Тоосго олдохгүй бол гутлаараа ч болно. Гутал байхад туйпуугаар яахав дээ гээд л. За бүр уйдсан үед дунд хуруугаа гозойлгоод онгоц юм уу танк болгон тоглоно. Харин энэ тоглоом бол одоо экстримли хориотой.

Wednesday, March 9, 2011

Пж-тэй уулзсан нь

Миний бие цагаан сар өнгөрөөгөөд Солонгос улс руу албан томилолтоор явах болонгуутаа шууд л Пж-той чатлаж, ”Найз нь танай нутгаар зочлох болсон тул Монголоос захих зүйл байвал хэлээрэй” гэтэл харин ангийн найз маань тун даруу загнаж “Надад захих зүйл алгаа хө, харин чи ирээд холбоо бариарай” гээд утасныхаа дугаарыг өглөө. Бусад хүмүүс шиг ууцны мах, ул боов энэ тэр зүйл захисангүй. Ажил ихтэй тул уулзалдаж чадахгүй байж магад, тэгээд ч элдэв зүйл дайж төвөг удаад яах вэ гэж бодсон бололтой.
За ингээд хөлгийн жолоог Солонгос улс руу заллаа. Солонгосын гааль дээр баларсаан, нөгөө олон хүмүүсийн архинаас болж шалгагдаад, торгууль энэ тэр юм төлөх болж байтал, ашгүй анх удаа явж байгаан байна, дахиж ингэж болохгүй шүү гэсэн сануулга аваад хил нэвтэрлээ. Буусан өдрөө утас олж Пж-руу ярьж чадсангүй, маргааш нь нөхрийнхөө дүүгийнд очингуутаа утсаар залгалаа.
- Байна уу, Пж-уу?
- Аан за одоохон, /өөр хүн авсан бололтой/. Байна уу З юу?
- Байна, байна, за сайн уу, ажил төрөл сайн уу, чи хаана байгаан? би Сөүлээс холгүй байгаа бололтой,
- Өө сайн хө, найз нь харин ажилд гараад явчихсан, сая хэд хоног амарч байгаад, одоо Сөүлээс бүр хол байнаа, ажил ихтэй болохоор очиж уулзаж амжихгүй нь ээ, чи сайн явж ирсэн үү, хэд хонох билээ?
- Би 7 хононо, өө тэгээд уулзаж чадахгүй юм уу, Монголоос уулзах гээд ирж байхад...........
- Харин тийм ээ хө, ажил ингээд таарчихлаа. Чи харин дуу хоолой чинь шал өөр болчихсон байна ш дэ, төсвийн байгууллагад ажилладаг хүн шиг л намбатай ярьж байна. Бз та 2 ер нь тийм болсон байха, 2-лаа миний мессенжерт хамгийн дээд талд байдаг, тэгээд яг цагтаа 6-д ажил тарангуут гараад явчихна, ажлын цагаар бол байж л байна. /хэ хэ хэ /
- За за, яг ш дээ, хэвээрээ л байгаа биз дэ /ха ха ха/
-Үгүй ээ өөр болсон байна, за за тэгээд ирсэн ажил төрөл бүтэж байна уу, манай ангийхнаар сонин юутай байна, бүгдээрээ уулзаа юу?
- Харин ойрд ажил төрөл ихтэй, тун завгүй л байх шиг байна ш дээ,
-Харин тийм бололтой, нэг зав гаргаад нэт-д орохоор шинэ зүйл нэмэгдээгүй л байхын, яагаад байгаан, У-г ирснээс хойш уулзаа юу?
Үгүй ээ? Уулзаагүй, завгүй байгаан байлгүй, За за би энэ утсан дээр байна, чи дараа залгаарай
-За тэгнээ, завтай болохоор ярина
Товчхондоо /мэдээж энэнээс олон зүйл ярьсан л даа/ иймэрхүү яриа боллоо.

2 хоногийн дараа.

5 цагийн алдад дүүгийн утсанд утас ирлээ. Надтай ярина гэсэн байнаа, авсан чинь Пж:
- Хүүе найз нь эндээс хурдны автобусанд суугаад хөдөлж байна, чи хаана байна?
- Өө тийм үү, би энд Түндэмүн дээр дэлгүүр хэсээд явж байна. Тэгвэл энэ хавиар дэлгүүр хэсэнгээ чамайг хүлээж байъя
- За тэг, цастай зам халтиргаа ихтэй жаахан удаан явж байна, бараг 3 цаг болохоор байна шүү
- За за би энүүгээр юм үзэнгээ хүлээж л байя
- За
Ингээд тэнгэр хангай цаанаасаа цас оруулж бид 2-г уулзууллаа. Цас ихээр орсон учраас Пж амарсан байлаа.
Хүлээсний эцэст Пж ирж бид 2 уулзлаа. Анх уулзсан сэтгэгдэл гэвэл: "...яг л өнгөрсөн 3 сарын 6-нд манай ангийхан яаж догдолж байсан яг л адилхан, Пж том болсноос яг л хэвээрээ, нөгөө багын дүрсгүй хөдөлгөөнтэй хүү дүрээрээ ..."
Пж-той хамт манай нөгөө ангийн 2 хүүхэд ирсэн. Би бас нөхөр, дүү г.м хүмүүс дагуулаад олуулаа Монгол таунд уулзлаа. Солонгос, Монгол ямар хоолонд орох вэ, гэсээр эцэст нь маханд орлоо. Бид баахан ярьж инээж суусан /бага насны дурсамж, ангийн хүүхдүүд, багш нар гээд л/. Пж уг нь ангиасаа ЛО-той хамт 2-лаа байж, одоо харин ангиасаа одиноороо болсон байна.
Сайхан хоол, солонгос архиар дайлсанд баярласан шүү хө. Нэг мэдэхэд цаг харвсан сум шиг өнгөрч явах болсон байлаа. Уг нь тэр хавьд хамтдаа жаахан суудаг ч юм уу, эсвэл хамт явъя гэсэн ч 1-д хамт явсан нөхдүүд хэт олдоод, 2-т буусан айл маань Түндэмүнээс метрогоор 45 мин явж хүрдэг газар байж таараад хамгийн сүүлчийн метронд арай гэж амжсан.
За тэгээд бид нарын уулзалтын зургаас хальт оруулбал:


by З...