Wednesday, April 15, 2009

Захидал

  Анх энд ирж байхад ч ар гэрээс, анд найзуудаас гээд л захиа занаа их ирдэг байж дээ.

  Тухайн үед ч ямар одооных шиг Интернет хэрэглээ гэж өдөр тутмын талх масло мэт салшгүй эд байсан биш, ойролцоогоор сардаа нэг ирэх шүлсдэн наасан хүрэн бор дугтуйтай захидалыг гартаа тас атган умгар муу өрөө лүүгээ гүйхээрээ орж ирэн эв хавгүй хажуу бөөрнөөс нь задлахуй, сэсээр улсаас гаралтай сэвсгэр цагаан цаасан дээр итгэл сэтгэлээ нээж бичсэн захидалын тийм гэхийн аргагүй танил үнэр хамар цоргих нь цаанаа л нэг жинтэй бөгөөд урамтай.

  Бичсэн эзнийхээ бодол санаа. . . хүсэл мөрөөдөл. . . заримдаа бүр хаа нэг түрхдэг нандин үнэртэй усаа шингээчихсэн. . . заримдаа уруулаа будаж байгаад пял хийтэл нь наасан томоос том КИСС тээгээд ирдэг байсан болхоор тэр биз.
Шинэхэн ирсэн тарчиг оюутанд утас шөрмөсөөр Монгол ярина гэдэг тухайн үед ч үзгээр бичээд баршгүй тансагийн дээд эдүүдийн нэг байлаа шүү дээ.

  Одооных шиг олон янзын сүлжээ холбоос гэж байх биш, хааяа нэг харийн нутгийн жаягийг ойлголгүй цөхөрсөндөө. . .эсвэл хэн нэгэнд гоморхон гунисандаа. . .эсвэл зүв зүгээр аавдаа духаа үнэрлүүлэх гэсэндээ. . .эсвэл гэр орноо, анд найз нараа санахын дээдээр санасан үедээ. . .эсвэл. . . эсвэл. . . зүгээр л просто так байрны гадаахи тарлан шар утасны бүхээгэнд орж харилцуурыг нь тас атган, цээжний хөндийд цээжлэгдсэн хэдэн оронтой тоогоо эргүүлэн 5 - тын төмөр зоос хийхүй цангасан амьтан шиг торчигнон доош унах чимээ гарвуу үгүй юу... дийн дийн дийн...байна уу? хэнтэй ярих уу? хэмээх дотно хоолойг сонсонгуут хэлэх ёстой чухал хэдэн үгээ зориуд бэлдэж бичсэн цаасаа хаана хийснээ мартчихоод л дэмий санд мэнд алмайрч аан . . уун гэх хооронд өнөөх үнэт минут гарам хугацаа нь түс тас түмпэн шанага дуусчих нь хяслантай. Гэлээ гээд аавынхаа дууг сонссон би хэсэгтээ л эрч хүч авчихдаг байсан нь үнээн.

  Монголоос гарсан захидал эзэндээ ирэх гэж худалч хүнд сар болдог байсан байх шүү. Юутай ч хичээлээ тараад шуудангийн хайрцагны нарийхан зураас руу онийж харахуй, харанхуй нүхний тэртээ буланд гялтаганах цайвар цэнхэр, ирмэг нь улаан цэнхэр налуу зураасаар бүрээстэй дугтуйг харахуй борхон зүрх минь түг түг хийж бугуйн цаг маань чаг чаг хийдэг л байлаа.
  Тухайн хүнийг захидал бичиж буй байдлаас нь худалч хүнд шууд дүгнэчихэж болно гэмээр. Манай хэдэн найзуудын хувьд их амархан.

  Атаман Г. . .ийн захидал нилээн урт. Гурав, дөрөв, тав, заримдаа зургаа долоон хуудас ч дүүргэх нь элбэг. Үүн дотроо дууны үг, хайрын шүлэг, сургаалийн афоримз баруун солгойгүй шүрших нь түүний хир армаанчик залуу болхыг илтгэмээр гэлтэй. Гэвч хаа нэг урд нь бичсэн өгүүлбэрээ мартагнан хойнох бичсэн өгүүлбэртэйгээ холиод, эсвэл бүр захидал бичиж байгаад ид дундаа тэр чигт нь орхиод илгээчихсэн ч байх удаатай.

  Е. . .маань бидэн дундаа хамгийн күүл нь. Нэгээс илүү хуудас бичихгүй ч жоохон хүүхдийн гэмээр бичгийн хэвээрээ бичсэн үг болгон нь элэг авмаар хөгжилтэй, дээрээс нь өнгө өнгийн фламастераар солонгоруулан бичих нь тухайн хүний ертөнцийг харах цонх нь дэндүү өвөрмөц гэмээр. Хавийн охидын талаар юу гэж боддогоо, тэдэнд яаж харагдаж юу бодогдуулах гэх мэт талаар дэндүү сурамгай найз даа.

  С. . . бол олон долоон юм нуршаад байхгүй ч цөөн хэдэн үгэнд дэндүү олон мэдээлэл багтаачихдаг агуу мэдрэмжтэй залуу. Захидлын явцад энд тэндхийн хайрын ттухай дууны ишлэл, үгийн тайлбар болгож хаалтанд бичсэн үгс, эхэлж бичих эхэлснээ тосон балаараа баллангуутаа тэр чигт нь үргэлжлүүлэн юу бодож санаж яваагаа, яажшуухан аж төрж байгаагаа элдэв чимэг хачиргүй шулуухан бичих нь урамтай. Унших бүрийд муу найз минь дэргэд минь суугаад хүүрнэж буй мэт л сэтгэгдэл төрөөд байдаг гэхээр нүдэнд харагдтал цөсөнд мэдрэгдтэл улс төрийн цаг үеийн байдлыг тайлбарлан бичдэг байж билээ.

  Б. . . маань бол ерөнхийдөө их дэлгэрэнгүй бичдэг. 45° налуутай нямбай гэгчийн бичсэн захидалдаа хайр ивээлийн үгсийг харамгүй урсган, тэр тэгсэн энэ ингэсэн хэмээн бичихийн ялдамд ганц нэг хошин үгээр чимэглэн бичих нь хундан цагаан хонин сүрэг дунд хилэн хар ганц хонь мэт тодоос тодоор уншигдах нь урамтай.
Ерөнхийдөө нэг иймэрхүү.

  Илэн далангүй, нүүр нүдгүй тав арван хуудас ар өвөргүй бичиж илгээдэг идэвхтэн нэг хэсэг байхад гуйлган гуйлган дэвтрийн тал цаасан дээр босоогоор томоос томоор бичсэн хоёр гуравхан үгтэй, үлдэгдэл цаасаа дүүргэхийн тулд элдэв янзын сургааль хайрласан нэг нь ч байх.

  Өнгөрдөг амралтын өдөр орон гэрийнхээ хог новшийг ухаж, хэрэгтэй хэрэггүй зүйлсээ онгичин таван хайрцаг цаас ангилан хаяв шд. Хэрэгтэй юм шиг хирнээ нэг ч сөхөж хараагүй элдэв балай лекц хичээлийн скриптнээс өгсүүлээд энд тэндхийн хуулж копидсон элдэв тэмдэглэл бичиг цаас, сонин сэтгүүл гээд ямар ч их юм цугларчихдаг юм базарваань гэж.

  Ингэж суухдаа хуучны захидалуудаа дэлгэн эхнээс нь дуустал нь унших дуртай. Унших бүрт шинээр уншиж буй мэт сэтгэгдэл төрөн, урд нь анзаарч байгаагүй үгс, аль эсвэл тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг сэргээмээр он сар өдөртэй гар бичмэлүүдээ уншаад уйдахгүй шүү дээ

Нэг ийм захидалын хэсэг уншаад инээд хүрэв:

Сайн байна уу?

  Эрхэм дотноос дотно найз минь. Шинэ оны мэнд хүргье! За муу зөнөг минь хэд хүрч байгаагаа мэдэж бна уу? Германд дасаж байгаа биз дээ? Шинэ жилийг ч нэг сүр тэмдэглэсэн гэсэн биз дээ? Энд баярын уур амьсгал орчихсон. Өнөө жил ер нь гайгүй тэмдэглэх юм шиг бна. Лав ноднингийх шиг хамаг юм хаачихгүй, ер нь зэрлэг л болох байх. Хот өнгө ороод л. Гадуур ч хамтлагууд болоод Батзаяа, Батсүх, Онон, Гоёл-96, Пентатоник гээд л зөндөө л их тоглолтууд болж байна.
Харин саяхан дуучин Төмөрийг маш хэрцгийгээр алсан хэрэг гарсан нь хотыг бүр шуугиулсан. Амьдаар нь мөчлөөд толгойг нь тасдаад лысванд хийчихсэн байсан гэсэн. Аймаар. . .

. . .Радиогийн шинэ суваг нээгдэнэ. Оны зааг дээр л 31-д юм байх. ФМ 107 гэсэн. Ингээд 102.5, 107, Хөх тэнгэр гээд 3-н станцтай болвоо. Хотоор нэг иймэрхүү сонинтой. . .

. . . Халтар царайт дууссан. М. Ангель Эстерлита 2 суугаад л, Хоросио нисэж үхээд, Тони эцэг болоод, Замура баяжаад (сугалаагаар) Чуэто нь Сантад алуулаад, Санта амиа хорлоод, Даниера Испанид алдартай дуучин бас сайхан залуутай гэрлээд, Августин лам болоод дууссан. Шал балай кино...

. . .Одоохондоо ийм л байна. Харин одоо захиагаар тасалж байхгүй ээ. захиа бичилгүй удсаныг минь өршөөн хэлтрүүлээрэй за юу?

(Чи чадвал NKOTB-н открыт явуулаарай)

Мэндэлж ёсолсон ... нөгөө л нэг С. . . чинь

Улаанбаатар хот, 1995 оны 12 сарын 22

гэсэн байх юм.

  Анд нарын бичсэн захидал болгоныг дугаарлаад хадгалчихдаг нь миний хобби юм болвуу? Тун удахгүй нэг сайхан хайрцаг олж аваад, он цагийн эрхэнд шарлаж гандсан захидалуудыг нь өөд нь татан цаашид он удаан хадгалах хатуу амлалт авсан.

  Техник технологи хөгжихийн зэрэгцээ нас сүүдэр нэмэгдээд хувийн болон хувьсгалын ажилд түүртсэнийх л байх даа, сүүлийн 8-9 жил ширхэг ч захидал шуудангаар ирхээ байжээ, харамсалтай байна.
Хаа нэг халтуурдан бичсэн, үг үсгийн эмх замбараагүй, таслал цэг байхгүй хэд гурван өгүүлбэр чулуудалцан, зав л гарвал мэсэнжэр хэмээх бэлэн газар мэнд усаа мэдэлцэн өнгөрөх нь нөгөө бодлын амар ч юм шиг.

  Ядаж байхад Монголд шуудангийн систем их мууг ч хэлхүү. Aйл болгон гэрийнхээ үүдэндээ захидал хүлээгээд авчихдаг байж болохгүй л юм байх даа. Төв шууданд хайрцаг хөлсөлж суухаар, хаалган дээрээ ч юм уу нэг хайрцаг хийчихвэл уг нь болмоор ч юм шиг.
  Миний санахын 80 аад оны дунд хүртэл айлуудын хаалга нь захидал хийдэг нэг тийм нүхтэй ч билүү, жижигхэн хайрцаг ч билүү наалттай байдаг байсан санагдаад байх юм даа гэж.