Tuesday, August 21, 2007

"в"-нхэн

8 дугаар ангиа төгстөл манай ангийнхан энэ "в"-ийнх гэсэн нэгэн нэмэлт тодотголтой явсан юм. "в"-нхэн анх сургуульд орсон үеэсээ уг нь сурлага сахилгаар гайхагдсан сайн анги байлаа. Анги даасан багш нь өвчтэй өдөр өөрснөө бие дааж ангидаа томоотой сууцгаагаад хичээлээ хийнэ. Бусад ангийн багш нар "Тэр "в"-нхнийг харцгаа, үлгэр жишээ ав" гээд л ангийнхаа хүүхдүүдийг хичээл дундуур манай анги руу илгээнэ. Нөгөөдүүл нь ирж ангийн үүдээр толгойгоо цухуйлган бид нарыг хэсэг харж байгаад л буцаад явчина. Манай ангийнхан ч үүндээ их маадгар, мундаг хамт олон болж чадаж байгаадаа бардамнана. Бүүр телевизээс ирж бичлэг хийн орой мэдээгээр гарч байлаа шд. Зиа тэгээд багш нь төрөөд хүүхэдтэй болсон юм чинь дандаа яаж өөрснөөр нь хичээлий нь хийлгүүлэхэв гэж бодсон уу, яасан манай анги нэг хэсэг Буджав гэж ондоо багштай болвоо. Ангийн 36 хүүхэд бүгд онц сурна гэж юу байхав, гэтэл нөгөө багшид маань харин муу, дунд авсан хүүхдүүдийг ичээж жигшээх нэг мэргэн санаа төрж Сарангэрэлийн ааваар хэд хэдэн ширхэг аймаар том 2-н болон 5-н тоо хийлгэдийн байна. Тэгээд л хонх дуугарангуут нөгөө муухай тас хар 2-н тоогоо муу авсан хүүхдүүдийн хүзүүнээс, час улаан 5-н тоогоо онц авсан хүүхдүүдэд зүүлгээд л хонгилд зогсооно. Ёоё, нээрээ үнэн аймшиг байгааз дээ. Иймэрхүү арга хүүхдийг илүү хамт олноосоо хөндийрөх, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь би бусдаас муу нэсэн ойлголт багаас нь бий болгоход л түлхэц өгнө үү гэхээс цаашид сайн сурах урам зориг төрүүлэх нь юу л бол? За, цэцэрхэх ч яахав. Тэхдээ хамт олон ямар байх нь анги даасан багшаас, хүүхэдтэй яаж харьцаж байгаагаас нэлээд хамааралтай гэж би боддогийн. Нөгөө бага ангидаа тэргүүний гэгддэг байсан анги маань дунд ангид орж Лхагвасүрэн гэдэг нэлээн чанга багшийн гарт орвоо. Манай багш нээрээ аймаар хатуу, эмэгтэй хүн гэхэд нэг л дулаан зөөлөн зан үгүйлэгдсэн хүн байлаа. Би лав бараг зүрх амаараа гартал л айдаг байсан сан. Инээмсэглэхэд нь хүртэл итгэж ядаад л,... энэ хэтрүүлэг байлаа, хэ хэ. Хэт хяналтанд байж сураагүй бид далдуурхан багшийгаа эсэргүүцэж, дургүйлхэж эхэлсэн нь сүүлдээ энэ "в"нхэн нээрээ арай дэндүү, хэтэрхий юм гэж бусад багш нарын толгой сэгсэрдэг, сургуульдаа зартай болдоггүй анги гэсэн алдартай болголоо. Хэн нэгэн багшийн хичээл дээр, эсвэл завсарлагаанаар манай ангийнхны хийсэн болох болохгүй үйлдэл Лхагваанаагийн (бид багшаа өөр хоорондоо ингэж гуайлдаг байсийн) чихэнд хэзээний л хүрчихсэн байна. Тэгээд л ангийн багшийн байцаалт эхэлнэ дээ. Яг тагнуултай кино шиг, гэхдээ арай ил хэлбэрээр. Лхагваанаа орж ирээд л ангийн салаа, ариун цэвэр гээд л дарга тодотголтой бүхнийг нэг нэгээр нь эсвэл хоёроор нь дуудна. Нэр дуудагдсан этгээдүүд царай нь цонхийн босоод Лхагваанааг даган лаборантын өрөө рүү орон мэдүүлэг өгнө. Лхагваанаа химийн мундаг чадалтай багш, тиймээс манай анги өөрөө химийн гүнзгий биш боловч химийн ангид байрладаг , тэр нь ардаа жижигхээн хөөрхөн өрөөтэй, түүний нь бид нар лаборантын гэж нэрлэж заншсан байлаа. Багшийн байцаалт нэг иймэрхүү маягаар явагдана. Би ихэвчлэн найз Заяатайгаа хамт дуудагддаг байсийн.
Лхагваанаа: -за, саяны болсон явдлыг яриадах даа.
Бид 2 доошоо харж дуугай хэсэг зогсоно. Зориг оруул багш аа, юу болсийн? юу ч болоогүй шд гэнэ.
Лхагваанаа: -хангалттай мэдээлэл надад ирсэн. Та 2 надад яг үнэнээр нь ярь. Гол толгойлогч, зохион байгуулагч нь хэн хэн бэ?
Бид 2: -бүгдээрээ л (ингэж хэлэхдээ хоолой зангирна) хамт байсий шд.
Лхагваанаа: - Тэр, тэр (нэр цохно) анх санааг гаргаж эхэлсэн үү? Та нар яасан ер нь ийм хачин нахальный, анархист (манай багшийн хэлэх дуртай, байнга хэрэглэдэг үгнүүд) нөхдүүдэв?
Энэ үеэс эхлэн бид 2-н нулимс ч баригдахаа байж сайхан асгарч өгнө дөө. Хоёулаа нусаа татаал, загнуулаал, 2 биендээ нусны алчуураа дамжуулаал зогсдог сон.
Ингэж нэг юм дуусаад дараагийнх нь дуудагдана, ингэсээр байгаад л нөгөө гайт хэргийн эзэн нь илчлэгдэнэ биз дээ.
Тэхдээ манайхан "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" байсан болохоор нэг нэгнийгээ загнуулахгүй, барьж өгөхгүй гэж их үзнэ. Даанч болдоггүй нь дэндсэн нөхдүүд юм болохоороо байнга л ямар нэгэн болохгүй санаа сэдээстэй, тэгээд үр дагаврыг нь амсаастай байдаг байлаа. Нэг удаа 6-р ангид эцэг эх, багш, сурагчдын хамтарсан хурал дээр Лхагваанаа манай ангийн Сэргэлэнд эцэг эхчүүдэд тамхи татсан хөвгүүдийг нэг бүрчлэн нэрлэж хэлэхийг даалгав. Хурал ч дундаа орж, багш ч Сэргэлэнг албан ёсоор "Одоо Сэргэлэн эдгээр хүүхдүүдийг нэрлэнэ"гэж зарлалаа. Ангид чив чимээгүй болж Сэргэлэн босч ирснээ "Манай ангийн тамхи татдаг хүүхдүүд бол Гансүх, Сайнсүрэн ,.." гээл лагийн томоотой хорхойд ч хоргүй амьтдыг нэрлээд явчлаа. Аав ээжүүд нь ч нэлээн гайхаж буй бололтой. Тэгээд л нэлээн олон нэр дурдсанаа "..., энэ хүүхдүүдээс бусад нь юм аа" гэж билээ, хэ хэ. Би лав Сэргэлэнг нээрээ сэргэлэн юм аа гэж бодоол өнгөрч байсийн. Нэрээ шууд дуудуулахгүй бусад гэдэгт нь орчихоор арай л хөнгөн туснаа даа, ер нь. За, ангийн хөгжилтэй дурсамжуудаас ахиад дараа оруулнаа.

Monday, August 20, 2007

Таван шар буюу амьд явах хүслэн :)

За тэгээд постийн маань нэр нь жаахан хүндэдчих вүү дээ. Манай Эркагийн бичсэн постуудаас бид нарыг ер нь хаанаас гаралтай, хаана бага насаа өнгрөөсөн нөхдүүд болохыг гадарласан байх. Бидний хүүхэд нас чинь яг 80-90 оны үе юм шүү дээ. Хоёр нийгмийг аль алийг нь үзээд амжсан хэлмэгдсэн омгийхон. Биднийг бага байхад, хуучин нийгмийн үед Таван шар их зэрлэг газар байсан юм. Тэр үед чинь хот их доширходог байсан. Таван шард хэр баргийн гадны хүүхдүүд ганцаараа ирж зүрхэлэхгүй дээ. Зүрхэлж, эсвэл мэдэхгүй ирсэн нэг нь шалдан буцдаг байсан юм даа. Гадны хүн байтуугай манай атаманууд чинь доторх бид хэдийгээ хааяа шоголчдог. Нэг жишээ дурдахад л та нар ямар хэцүү газар байсныг гадарлна даа. Юу вэ гэвэл , Манай найз Есөө нэг удаа дэлгүүрээс нэг кг мах аваад гэрлүүгээ дэгдэж явах замдаа хөөрхий Гансүхийхээр ороод гархаар шийдэж л дээ. Тэгсэн Гансүхийн орцны таван давхарт Дуулгаа гээд нэг нүд нь сохор, шарын лухагар атамануудын нэг амьдардаг байсан нөхөр орцонд халамцуу таараад махтай явсныг харчаад гэрлүүгээ дагуулж ороод махаа өгөхийг тушааж дээ. Есөө угийн гүргэр гар, тэгээд бас бяцхан дүү нар нь гэртээ ахыгаа мах авчрахыг хүлээгээд сууж байгаа тул, Үгүй л гэж. Тэгсэн Дуулга хутга гаргаж ирээд манай хүний хүзүүнд тулгаад махаа өгөхгүй бол зүснэ гээд дайрсан байгаан. Азаар атаманы найзууд нөгөө өрөөнөөс орж ирэн Есөөг маань аварсан юм даа. Ер нь бол хутга тулгуулах жирийн юм байсан дөө. Гансүхийг маань бас нэг хурган атаман бүр гэрт нь хутгатай дайрч орж алах шахж байсан юм даг. Амьд явах хүслэн төрмөөр байгаа биз. За тэгээл атамануудын нүдэнд олигтой хувцастай харагдаж болохгүй дээ. Би лав ээжийн дүүгийн германаас ирүүлсэн гутлыг өмсөж явах гэж үйлээ үздэг байсан юм. Орилоо гэдэг нэг гар нэг удаа нэг дүгээр хорооллын охинтой болзоно гэж өмсөөд өдөржин алга болсон юм даг, би мань эрийн гутлыг өмсөөд, томдцон чирээд ээжээс айгаад орж чадахгүй атаманцарыг ирэхийг хүлээгээд бөөн юм болж байж билээ. Тэр үедээ үнэн тамтай санагддаг байсан бол одоо бодоход хөгжилтэй л байж дээ. Бид чинь харин үеийхэндээ бол дээрхүүлэхгүй шүү дээ. Манай 8-В гийхэн чинь үедээ атаман анги байсын. Ямар сайндаа 8-А гийхан бид нараас айгаад ангийхаа хаалгыг дотроосоо түгжээд гарч ирж чадахгүй, нэг нь тэгээд бүр айсандаа 2 давхрын цонхоороо үсрээд хөлөө хугалж байсан юм. Маргааш нь манай ангийн бүх банди нар хичээлийн эрхлэгчийн өрөөнд жагсаалгаж байгаад зодуулсан юм даг. Би ч тэгэхэд айхтар элэгдүүлсэн шуу талийгаач Гонгор багшид.
Гээд зодоон цохион, атамануудтай холбоотой дурсамжууд зөндөө зөндөө. Одоо ч таван шар тийм биш болсон байна лээ. Элдэв янзын хүмүүс нүүж ирээд, хууччуул нь нүүж яваад таних мэдэх хүнгий болсон байсан. Тэр үед атаман байсан ах нарын зарим нь архинд ороод Өвөөгийн хөндийд очоод, үхэх нь үхээд дууссан, хурган атаманууд байсан нөхдүүд одоо энд тэнд лааг томоотой эхнэр хүүхдээ дагуулцан явж байгаа харагддагийн...to be continued

Найзын тухай шүлэг аангилаар

Me and You Are Friends
You Fight, I Fight
You Hurt, I Hurt
You Cry, I Cry
You Jump Off The Bridge
I'm Gonna Miss Your Dumb Ass :)

Saturday, August 18, 2007

Таван шар буюу амьтан тэжээх миний хүслэн...

Таван шараа гэж. 80-90 өөд оны үед таван шард хүүхэд насаа өнгөрөөсөн хэн боловч тэрхэн бяцхан ертөнцөд адал явдалаар дүүрэн байдаг байсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Тухайн үедээ л таван шар гэж сонссон хэн бүхэн сэрдхийлгэм муу нэр дагуулаастай орчин маань уугуул иргэн бидэндээ л диваажин байж дээ. Бидэндээ л том санагддаг байсан тэрхүү хэдхэн байшингуудын хооронд өчнөөн амьдрал буцалж байдаг билээ. Өвгөчүүл хөгшид нь гадаанаа даалуу үүлүү тоглоод, сүүдрэвчинд суун гангар гунгар хийн, хүүхэд багачуул нь байр болгоны урд байх тоглоомын талбайгаар өдрийг өнгөрөөж бяцхан жаалуудын хөгжилтэй тоглох дуун үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тасардаггүйсэн. Уг угсармалууд нь 70 аад оны сүүлээр орос хятадуудын тусламжаар баригдсан гэдэг. Тэрхүү хотхонд манайх гэдэг айл 1979 онд Баянхошуунаас нүүж ирсэнээр амьдрал дээшлэн гэр хорооллын айлаас хотжих хөдөлгөөнд нэгдсэн. Аав ээжийг минь олон нялх нойтон хүүхэдтэй хэмээн харж үзсэн үү, эсвэл аавын минь арын хаалганы нүх том байсан уу юyтай ч овоо хөөрхөн 4 өрөө байранд нүүж орсонoop энэ их том тогоон доторхи нэгэн ширхэг үрэл нь болж билээ. Ёстой л унаган таван шарчин байсан даа. Анх биднийг орход манай байр цоо шинээр ашиглалтанд орж байсан гэдэг. Сургуульд ортлоо тэр л хэдэн байруудын дундуур гүйлдэн ойр хавийн хүүхдүүдтэй найзлан өдөржин тоглон орой нь тас халтар шороон царайлсан амьтан орж ирдэг байж билээ. Тэр л сайхан дурсамж дүүрэн цаг хугацаанд минь хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол ямар ч үнэ цэнээр нэгэн суудал захиалан аялах юмсан даа. Чухамдаа тэнд л хүн болж тэнд л амьдрал гэж тэмцэл гэдгийг ухаарч ядан алхалж явдаг байж. Цонхоор хархад гадаа тоглох танил царайнууд, цав цагаан 12р сургууль минь тухайн үедээ л орд харш мэт санагддаг байж билээ. Сургууль руу орход ханхийх нэг тийм царс модон шалны, мөн шинэхэн будсан будагны үнэрнүүд, ханаар өрөөстэй ханын самбарнууд, "Mанай сургуулийн бахархал" хэмээн 10 жил онц сурсан онц сурлагатангуудын хөрөг зурагнууд, "Mанай сургуулиас гарсан алдартангууд" сэхээтэнгүүд гээд л. Одоо эргэн санахад хүүхэд л юм хойно буруу зөрүү алдаа эндэлтэнд өртөж л явсан, гэвч түүнээсээ илүү гэрэл гэгээтэй аз жаргалтай инээд баясал цалгисан тийм л дурсамжууд тодоос тод авч хонгилийн мухарт гялтайн харагдах гэрэл мэт л ёлтойх юм. Зун нь навч ногоо дэлгэрэн, байрнуудын гадна ургах том том улиаснуудын навч бүхэнд хэлж шивнэж байсан хүүхэд миний хүсэл мөрөөдөл, намрын шар нарны илч бүхэнд шингээсэн насан багын томоогүй зан, өвлийн дэн хүйтэнд цантах цонхон дээрхи үүсдэг тэр л цасан ширхэгнүүдэд шигтгээ болгон нэмдэг байсан цайлган үеийн дурсамжууд, байшингийн буланд цухуйх хавар цагийн анхны ногоохон гөлгөн өвсийг харан амьдрал гэж тэвэр дүүрэн цэцэгсийн баглаа мэт санагдаж цээж дүүрэн амьсгалж явсан гэнэн багын гэгээхэн дурдатгалууд минь надаас яг өдийд зөгийн бал мэт урсаж байна...ай яасан амттай бал вэ?
Бодлын сондор буюу миний бие амьтан тэжээгч болох хүслэндээ хөтлөгдсөн нь:
-"Туулай туулай тонгос - туулайн бүжин бондгос". Нэг удаа дунд ах маань хаанаас ч олсон юм бүү мэд 3 туулай хайрцаганд хийсээр ороод ирж билээ. Бид хэд баярлалдан хэдүүлээн туулай тэжээдэг юм болов. Тэгсэн маргаадар нь байруудаар хор цацлага болон манай нөгөө хэдэн бүжингүүдийг маань ширээн доор байсныг тэд анзааралгүй хор цацуулснаар бидний анхны амьтан тэжээх хүсэл маань лөөлөө болж байв.
- Өрөөний салхивч нээлттэй байлаа
Өглөөний агаар сүнгэнэн орлоо
Сүр сар хийх чимээ гарлаа
Сандран хартал тагтаа байлаа.
Тэгсэн мөн л удалгүй одоо тагтаа тэжээнээ гэсээр манай тэр ах 3-4 тагтаа чирдаакан дээрээс яаж ч барьсан юм бүү мэд бас л хайрцаганд хийсээр ороод ирж. Би ч бас хөл газар хүрэхгүй баярлан энхийн цагаан тагтаа минь алган дээр суугаарай гээд л "...цэцэн бууны орой дээр тагтаа суулган зурсан байна..." хэмээн амандаа дуулсаар хайрцагийг нь онгойлготол айж тэвдсэн хэдэн тагтаанууд сүр сар хийн нисэн гарч уушиг зүрх амаар гарах шахаж байж билээ. Гэтэл өнөөх гайтай тагтаанууд чинь эрх чөлөө мандтугай гэснүү хос хунгийн дуулиа санасан уу манай цонх руу эгц шулуун нисч очоод нэг нь мөргөн унаж ухаан алдан нөгөө 2 нь хойноос нь цонх хагалан санд мэнд нисэн одсоноор дараачийн амьтан тэжээх оролдлого бүтэлгүйтэв.
- "Бор шувуу бор шувуу түм бумаараа нисэн буугаад нисэн буугаад наадан цэнгэнээ..."
Заза ер нь өөрөө амьтан олж ирнэ хэмээсээр бөмбөгөрөөс хэдэн тахианы дэгдээхэйнүүд ширхэг нь 50 мөнгөөр худалдан авч бас тэжээх юм болов. Юун ч амьтан тэжээхийн хүслэн болдог байсын, одоо бодхоноо инээдтэй. Гэтэл өнөө хэддээ өлсчих вий хэмээсэндээ бөөн бөөнөөр нь өгсөн будаануудад хөөрхий бяцхан ангаахайнууд гэдсээ дүүртэл идчий гэснүү ингэж амьд явхаар үхсэн нь дээр гэснүү юутай ч гэдэс нь дүүрэн мажийж орхих билээ.
- Энэ дундаас хамгийн тод одоог хүртэл бодох тусам санаанаас гардаггүй имперлизм реализм дүүрэн нэгэн явдал дараачийн амьтан тэжээх оролдлоготой минь холбоотой. Гадаа тоглож байтал хаанаас ч юм өрөвдөлтэйеэ гаслах дуунаар цочин тэр дуу гарч буй зүг лүү очтол нэгэн дөнгөж төрсөн өчүүхэн гөлөг эхдээ гологдон ганцаар арангатан зам дээр хэвтэж байдаг байгаа. Би ч пионер хүнийхээ үүрэг ухамсараа уландаа гишгичихээгүй байсан тул өрөвдөх сэтгэл маань дийлэн нууцаар гэртээ авч ирдийм даа. Дунд ах эгч 2 ч мөн баярлалдан цуг тэжээх болов. Овоо хэдэн сар болсон юмдаг манайд. Хөөрхий минь нэг тийм хав хар өнгөтэй яг нүдийхээ дээр 2 бор толботой хөөрхөн гөлөг байж билээ. "Акира" гээд нэрлэчихжээ бас, "Цагаан соёот" хэмээх Жек Лондонгын уншиж байсан номон дээр ийм нэртэй чонын тухай гардаг түүнтэй л адилтгасан бололтой. Гэтэл нэг өдөр том ах минь хойноос ирэн тэр гөлгийг маань ад үзэн гэр завааруулж байна хэмээн гарга гэж тушаав. Ахын тушаал алт эгчийн сургааль эрдэнэ юм хойно хичнээн эсэргүүцсэн ч дийлсэнгүй. Ингээд нөгөө гөлгөө гаргаж тавихаар би өөрөө хөтлөн гарч билээ. Гэтэл хол аваачаад л орхиод алхтал хойноос дагаад яаж ч хурдан гүйсэн хөөрхий минь өөрт нь юу тохиолдох гэж буйг зөнгөөрөө мэдэрсэн үү өнөөх л анх олж байсан гаслантайгаар гаслан хойноос дагаад салдаггүй. Яалт ч гүй л нэг шонгоос уян хажууд нь гэрээс хулгайлан авч гарсан хоосон булууны яс тавин эргэж нэг ч харалгүй гүйчиж билээ. Ингээд л "Акира-г" минь хэн ч олохгүй шонгоос уяатай хөдөлж ч чадахгүй үхнэ гэж бодхоос өөрийгөө үзэн ядан yйлаал уйлаал их сүртэй эрээ. Одоог хүртэл үүнээс үүдэн тэр тухай бодох тусам дээшээ нэг юм өгсөөд ирдийн, сайн санаат нэг нь олон сулласан боловуу, эсвэл өөрөө өлсөхийн цагт уяагаа тас хазан тэнүүчилсэн боловуу, эсвэл нэгэн сахилгагүй хүүхдийн бай болон том чулуугаар нүүлгүүлсэн болов уу хэмээн элдвийг бодож байж билээ. Одоог хүртэл өөрийгөө зүхдэг юм, яах гэж ч уяж орхиж байв даа гэж, яаж ийж байгаад л сул орхихгүй дээ хэмээн. Xойноос цоо ширтэн дагах нүд, өрөвдөл эрсэн тэр гийналт. Ингээд л гэртээ тэжээх нэрийдлээр хэдэн ч амьтан хороож зовоож байсан үйлийн лайтай амьтан юм бэ дээ мэдэхгүй. Хойд насандаа тамын тогооны амсар дээр хүд хүд инээн гэрийн чинээ гэдсээ илэн босвол сууж чаддаггүй суувал босч чаддаггүй хэдэн ясаа шаржигнуулаан сууж байвал бүү гайхаарай гэсэн хэхэ.
-Түүнээс хойш тийм амьд амьтан зовоохоос зовон сахил хүртсэн ламбугайн адил дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу нэг хэсэгтээ л амьтан тэжээх хүсэл минь алга болсон байв. Гэтэл нэгэн өдөр манай байрны 1-р орцонд 5 давхарт байдаг айлд айхтар олон загас бий хэдүүлээ очиж үзэе хэмээн санал болгосон жаал минь манай ангийн Гомбо байлаа. Ингээд Гомбоог даган тэр айл рүү харайлгаваа. Хаалгыг нь тогшитол нэг ах хаалгаа онгойлгож байна. Ахаа загас үзэе гэцэн хэдэн нусгай бацкаануудыг огт дургүйцэлгүй гэртээн оруулан миний нүдийг тайлж билээ. Хөөх юу вэ, нэг л өөр орчинд яваад орчиx шиг. Гэрийх нь нэг өрөөний ханаар дүүрэн аквариум. Дотор нь төрөл бүрийн загаснууд сэлээд л. Анх удаа л ийм олон янзын загас байдгийг олж харж буй мэнэ тэр. Алтан загас, мечунос, куба, телескоп энэ тэр гээл хэдэн нэр цээжилж аван гэр лүүгээ шал өөр хүн болон харьж билээ. Mөн амар амгаланг нь бодсонуу юу ч хэлж байсан өөдөөс бүлтийн харах дүр төрхөнд нь татагдсан уу загас руу нүд шилжин улмаар 20 литр ийн аквариум тай болсон нь загас тэжээх хүслэнг минь нэмэгдүүлэн гэртээ загастай болж нэг хүсэл минь дарагдаж байж билээ. 1-р сургуулийн ойролцоох "Баян Бүрд" загасны дэлгүүр лүү хичээлээ тараад л очдог болон нэг хэсэг салахаа байж билээ. Олон хөөрхөн жараахайнуудыг хэдэн ч цагаар харан ажиглан зогсох миний хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал байсан ажээ. За тэгээд түүнээс гадна миний бяцалж байсан аалзнууд, загасны хоол нэрийдлээр хөнөөж байсан царцаануудыг хэлээд ч юухэв дээ тоогоо алдсан...
PS: Загас гэснээс Өлзийтөгсийн Аквариум гээд өгүүллэгийг саяхан олж уншисан, агуу зохиолч юмаа, нэгийг бодогдуулж байна лээ шүү. Батка анд минь энэ зохиолч яруу найрагч бүсгүйн ном олдуул найздаа илгээж тус болбол энэ яваа насандаа марталгүй байдгийнхаа балиндаа боон арслантай юу эрээн авдартаан хийн хадгалах болно шүү.

Sunday, August 12, 2007

Mr. Big - Wild World

Хүүхэд насны минь дурдатгалуудтай яах аргагүй холбоотой энэ дууг сонсох бүрд тэр 1995 оны хөдөө явдаг зун санаанд орном. Сайхан байсан шүү тэ.

Saturday, August 4, 2007

45 минутын дайн...

Алтан паналууд үгээ бэлдэж
Аварга таслагчид тактик боловсруулна
Үймээний эзэд резин хайна
Үүргэлсэн хэд нь парт мөргөнө
Уран үгтэй нь шүлэг зохионо
Угын даралттай нь охин өднө
Даруу хэдийгээ комуунууд гэнэ
Данагар хэдийгээ хогийхон гэнэ
Үгүй тэгээд багш нараа хочлоно
Үүгээр түүгээр орилолдон гүйлдэнэ
Өнцөг буланд нэгийгээ шахна
Өндрөөс унжуулж алах шахна
Гайгүй сурлагатай нь буян үйлдэнэ
Гансарсан олонд өглөг тараана
Даалгавараа хийсэн нь додьгор сууна
Дуугүй хэд нь гөлрөн пад
Үнэн дайчин 8в-гынхан
Үүрээ сахьсан өлөн бүргэд
Өт нь ярзаганасан өрөм мэт
Өдөржин хашисан адуун сүрэг
Хархад галзуугийн больниц шиг
Үзхэд үнээний ферм шиг
Хэн ч харан сүрдэм
Хэнийг ч өмнөө сөгдүүлэм
Бууж өгдөггүй бурхинууд
Баригдаж өгдөггүй согоонууд
Ангийн багш Лхагваанаа нь
Аанай л нэг мисс шиг
Хичээлийн тэнхим болох
Химийн кабинет нь
Өглөө орход нь
Орд харш шиг
Өдөр тарахад нь
Онгичоод орхисон айл шиг
Найман жилийн анд найзуудаа
Насан туршийн дурсгалт үеээ
Э... чи юу гэж мартах вэ?
Энэ шүлгээ үүгээр төгсгөе дөө.

Т.Батзул
1994 он 11 сарын 22ны 20 цаг 42 минут

PS: Миний тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн дурсгалын нэг хэсгээс толилуулав, энэ шүлгээ санаж байна уу Батка?

Wednesday, August 1, 2007



Хэдүүлээ энэ талаар нэгийг бодож үзэцгээе, яагаад нэг ч гэсэн хүүхдэд дэм болж болохгүй гэж. Мань асрамжийн газраас нэг хүүхэд сонгоод сар бүр хэдэн төгрөг хадгаламж нээн хийж өгч байя гэж бодож байгаа. надтай нэгдэх үү андууд минь?