Friday, February 5, 2010

Нийгмийн ажил

Сая сонин уншиж байтал монголд зуд болоод хэцүү байгаа бололтой. Бид нар бага байхадаа ч янзан бүрийн дайчилгаанд их татагддаг байж дээ. Өвөл болонгуут л хүүхэд болгоноос тэдэн нэмнээ, төдөн шүдэнз, тэдэн лаа авч ир гээд л тулгачихна. 7-8 хан настай хүүхдүүд хаанаасаа яаж нэмнээ сэтгэхэв дээ. Гэртээ очоод л ах эгчийгээ оёод өг гээд л шаналгачихдаг юм байгаа биз дээ. Хуучин даавуугаар, эсвэл хуучин хувцасыг оёосоор нь прэткээр задлаж байгаад л дотор нь бор хөвөн чихээд л нэг муу дөрвөлжиндүү юм болгоод л оёчихно. Ядаж байхад заавал хоёроос гуравыг авч ирнэ шүү. Олон хүүхдүүдтэй айлуудад хэцүү л байдаг байсан байх.
За тэгээд хавар болоод ирэхийн сацуу мод их тариулна аа. Хүрз, жоотуу чирээд л субботникт их явуулна. Манай сургуулийнхан сүлжмэлийн үйлдвэрийн хашаанд гөө мөн их мод тарьсан даа. Өнөөдүүл нь тэгээд ургадаггүй байсан юм байлгүй, яагаад ч жил болгон зааван тэр үйлдвэрийн хашаанд мод тариулаад байдаг байсан юм мэдэхгүй. Пайз хийлгүүлээд л нэг их сүрхий өөрсдийн тарьсан модон дээр өлгөчихдөг. Өнөө мод нь арчилж тордоогүйн үүднээс тэгээд л дараа жил нь гэхэд үхчихийг нь яана. Охидууд нь нүх ухаж чадахгүй ангийн овгор банди нарыг царайчлаад л, өнөөдүүл нь үнэд орж морж этэр.
За тэгээд зун болоод зуны амралтаар нь ч зүгээр амруулчихгүй хүүхэд болгон төдөн ширхэг хатаамал, өдөн ширхэг цуглуулга хийж ир гээд л зовоочихно. Хатаамал хийх гэж байна гэж хэдэн ч цэцэг зулгааж, хэдэн ч эрвээхэйний амийг тасалсан юм бол мэдэхгүй.
Намар бол уулаасаа улс орон даяараа тариалан хураалт, хадлан тэжээл гээд л өнөө муу хэдэн оюутан сурагчидыг чинь бас л дайчилна. Эсвэл малын тэжээлд хэрэгтэй хэмээн согооворын үр их цуглуулуулна. Хотын мань мэтэд тэр согоовор нь ногоовор болтолоо олдохгүй. Өнөөх л сүлжмэлийн үйлдвэрийн хашаа руу давж орж согооворын үр түүж ганц нэг гялгар уут дүүргэдэг байж билээ.
Айгант (ингэж хэлдэг билүү юу билээ?) ирэх сурагаар баахан яс цуглуулна. Ангиудыг хооронд нь уралдуулж хэн их яс цуглуулсан нь бага сага шагнал байдаг байсан шиг санаж байна. Мань мэт нь яс түүх гэж наян юм болно оо. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөнө гэдэг шиг л ихэвчилэн л хүүхдийн цэцэрлэгийн ясны цэгээс их хулгайлна. Нэг нь манаач харж байгаад л нөгөөдүүл нь хогийн савнаас нь бөөн бөөнөөр нь уутлаад зугтаачихна. Заримдаа манаачид нь баригдчихна аа болоогүй, алган боов амсана шүү дээ ёстой нэг.
Сүүлдээ ч энд тэндэхийн яс дуусаад шуудайныхаа ёроолд хүндэвтэр чулуу хийж байгаад дээгүүр нь хэдэн хавирга сээрний яс овоолоод овоо нэг хэдэн кило хүргэдэг байж билээ.
Гэх мэт нийгмийн ажилд их татагддаг байж дээ. За тэгээд сургуульдаа ангидаа гээд л улирал болгон л хүүхэд болгон тэдэн самбарын алчуур, төдөн цэцэг авч ир гээд л. Самбарын алчуур хийх гэж бас баахан гурилдана. Цэцэг ч яахав энд тэндээс таслаад, үндэслүүлж байгаад нэг муухан суулгамар аядчихна.
Одоо бодоход хөгжилтэй л байсан байгаа юм шүү. Бөөн бөөн дурсамж. Хүүхэд нас гэхээр л яагаад заавал гэрэл гэгээтэй дурсамжууд нь тодоор хадгалагдаад, уйлж унжиж, зовж зүдэрч байсан нь улам бүдгэрчихдэг юм бол доо гэж.

5 comments:

Batka said...

Ecөө Сайнаа мань гурав цэцэрлэгийн ясна авдарнаас нинжа маягийн хувцаслаж 3 шуудай яс хулгайлж 8-р байрны түүхий эдийн төвд тушааж зуу зууны төгрөгтэй болж билээ. Тэр мөнгөө номон завсраа хадгалж байсан чинь ээж мөнгөггүй гэхээр өгцөн.

Зуны даалгавар гэж нээрээ хачин хачин зэрлэг даалгавар өгнө тэ, зурамны арьс, чихмэл ч гэх шиг.

нөгөө мод тарьдаг хашаанд маань одоо Мосогваа хороолол гэж юм баригдсан гэжуйгааа.

Цаас бас их тушаадаг байсан тээ. Юу хийдэг байсын болоо боловсруулдаг байсын болов уу...

9 said...

he he maniusiig angiar ni 8d bilvvde lavganaa bagshiin shawi gej nuhur awch ywaad udurjin tums zuulguj bilee, teghed bi law 2literiin tumpunguur 2 nahiad guriltai hool husaj b,saniig bodhod owoo tom boltson baijdee bid

happiness said...

Согооврын үрээр тэгээд яадаг, юунд хэрэглэдэг байсан юм бол доо? Нөгөөхийг нь түүх гэж нэг удаа Баянхошуу яваад морьтой хүнд хөөгдөөд зүрх амаар гарахаа шахаж байлаа. Айсан хүн чинь цагаа тулахаар аймаар хурдан гүйдийн байна лээ, :).
Хүйтрэхээр цонхоо дулаална гээд гэр гэрээсээ цаас, бор, цагаан хөвөн, чимэглэл, жонхуу авчраад л өдөржингөө юм болдог байжээ.

Anonymous said...

борнуурын сангийн аж ахуй. 12-р сургуулийн "улаан шип" газар.Данбал өмсөж заазуур барьсан сурагчид байцааны навчны ард нуугдаж унтаад, дамбааландаа луувангаа шууд арчиж идээд, байцаан дээр гишгэж нялцгар болгочихоод багшаа энэ муу байцаа байна гэж хураахаас залхуураад, банзан гитар балбан махаа дуулаад л, хөзөр дэлгэж тавин " чөтгөр" нэртэй яргалдаг тоглоом тоглоод, хосуудын уул нэртэй жижигхэн толгодын араар хоёр хоёроороо орж нуугдаад ангийн дарга нар багш нартай хамт араас нь очиж баривчлаад л...

БЭ said...

энэ нууцлаг хүн хэн бэ хө? х мөн үү? ёстой гоё сэтгэгдэл бичсэн байна шд.