Saturday, January 24, 2009

Every Time I Close My Eyes

"Бие нь тусдаа ч сэтгэл нь нэг байхыг нөхөд гэнэ"

Өнөөдөр санаандгүй шургуулгаа ухаж байтал миний муу хуучин хар тэмдэглэлийн дэвтэр нүдэнд тусав. Онгойлгоод нээх болгонд бага насны минь дурдатгалыг сэргээж өгдөг буянтай муу жижигхэн хар дэвтэр минь гэж.
Хамгийн эхний нүүрэн дээр нь биднээ хэдэн найзуудын зургийг (би одоо яагаад ч юм толгойнуудыг нь тойруулаад хайчлаад наачихсан) 16 хан насныx нь гэгээхэн дүр зураг өөдөөс ширтэнэ. Түүний доохни талд нь "...бие нь тусдаа ч сэтгэл нь нэг байхыг нөхөд гэнэ..." хэмээн хэн нэгний минь байдаг чадлаараа хичээнгүйлсэн бичсэн бололтой ("б" үсэг мүсгийг нь угалзлуулчихсан байна аа бас) мөр зурайна.
Бурханы авралаар яаж энэ нэг дэвтрийг тухайн үед ийшээ ирэхдээ цүнхлээд гарчихсан байсан юм, тэгээгүй бол бусад дурсгалын дэвтрүүдийн нэгэн адил "дашийн шог" болчихсон байхгүй юу.
Уг нь миний цуглууганд бусад хүүхдүүдийг бодход овоо их зураг, дурсгалын дэвтэр байдаг байж билээ. Манай ангийн хүүхдүүд байс гээд л хаалга тогшоод, "зурагнуудыг чинь үзье, эсвэл дурсгалын дэвтрийг чинь уншия" гэж шаналгахыг нь яана.
Жилээс жилд л дурсгалын дэвтэр идэвхитэй хөтөлж, зузаан гэгчийн тавын дэвтэрийг ангийн хүүхдүүдийн нэрсийг журналын дэс дараагаар нь оруулж байгаад л дурсгалаа үлдээ гээд элдчихдэг байсан санагдана. Хүүхэд болгоноор
...надаас чамд
навчнаас цэцгэнд..., эсвэл
...царс модон ширээ элэгдэх нэгэн цагт
цайлган хүүхэд нас огцрох тэрхэн мөчид... хэмээн ахин дахин давтуулан байж бичүүлж авч сая нэг санаа амардаг байсан сан. Зарим нэг зураг зурж чаддаггүй хүүхдүүд нь их хөөрхөн, тун идэвхитэй ах эгчээрээ, эсвэл гоё зурдаг хэн нэгнээрээ үүл уулан дундуур, жаргаж буй нарны өмнө мөмнө хос хун зуруулж авч ирж этэр ангид "од" болдог байж билээ.
Даан ч харамсалтай нь намайг ийшээ ирсэний дараахан манай гэр нүүгээд, илүү дутуу новшнуудаа айлын амбаарт хийчхээд явсан чинь, яг тэр миний нандин зүйлүүдтэй хайрцгийг хэн нь хаашаа хийснээ мэдэхгүй ор сураггүй алга болгочихсон байсан, гомдмоор гэдэг нь. Сүүлд Монголд очоод энийг сонсоод ямар их харамссан гэж санана. За яахав, дараа очихоороо та хэдээс зураг хөрөг юу байдаг юм бүгдэнг нь сканердаж авна аа гэсэн.
Бас ангийнхаа зураг ихтэй охидуудын гэрээр орж, дэмий буу халж буй нэрийдлээр альбумнаас нь гүй мөн их зураг гониоддог байсан нүгэлт хүн байлаа. Давтлага мавтлага хийж буй нь энэ гэж бас нэг нэгнийдээ орж гаран их дэмийрнэ ээ бас.
Давтлага гэснээс биднийг бага ангид байх үед чинь овоо сурлагатай хүүхдүүд нь ангийн хурлаар хуралдан, ойр орчиндоо ойрхон амьдардаг сурлага тааруутнуудаа "дааж" авч, ангийн нэр хүндийг "дээш нь" таттаг байлаа шд, ккк.
Би бас худлаа үнэн "онцчууд"-ын тоонд багтдаг байсан гэсэндээ байрныхаа 3 хүүхдийг дааж авч, гэрийн даалгаварыг нь хийлгүүлдэг үүрэгтэй байлаа. Хөөрхий минь, юун ч идэвхитэй тэр үүргээ биелүүлдэг байв, одоо бодхоор л бөгс улаймаар.
Тэр 3 хүүхдийн нэг нь манай орцонд таван давхарт байдаг байсан Г гэдэг охиных. Олоон ах эгч нартай, айлын бага л охин байсан шиг санагдана. Манайх гурван давхарт байдаг байсан болхоор хэрэв миний бие нь даалгавараа хийчихээд, хуулан бичлэгээ биччихээд, бүлгэмийн зөвлөлийн гишүүнийхээ тайлангаа тавьчихаад, цаана нь цаг зав гарвал дээшээ 5 давхар луу гараад Г-ийн хаалгыг нь тогшоод, хэн нэг нь онгойлгонгуут Г-д давтлага өгөх гэсэн юм гээд л галстукаа тэгшлээд, худалч хүнд ёслоод яваад орчихдог байлаа, Чойрын Богд гэж.
Сайндаа ч биш, тэдний боорцогны амт их тасархай байдаг байсанд л байсан л даа үнэнээ хэлье. Ээж нь ч юм уу эмээ нь ч юм уу хайрдаг байсан байх даа бодвол, нэг тийм том том, чихэрлэг, тасархай гоё амттай боорцог.
Гарах болгонд нэгийг өгдөг байсан Г-ийн гэрийн боорцогны амтыг би ер мартдаггүй шд. Одоо энэ анд маань сураг сонсохуй, 2 сайхан хүүхдийн ээж болоод Америкт амьдардаг гэж дуулсан. Нэг сайхан нартай өдөр уулзах өдөр таарвал, боорцог хийлгүүлж л идэх юм шүү.
Нөгөө хоёр хүүхдүүдийн нэг нь П, нөгөөдөх нь бас Г гэдэг нэртэй нилээн хөдөлгөөнтэй, сэргэлэн банди нар байдаг байж билээ. Хоёрдугаар ангид л байсан байх, нэг удаа П маань хичээлдээ ирэлгүй нэг хоёр хоночихвоо. Манай ангийн багш намайг дааж авсанаараа П ийн гэрт очоод ээж аавтай нь уулзаад ир гэдэг далагавар өгөв. Би ч нэгдүгүүр оцонд хоёр давхарт гараад л 6 номерийн хаалганы хонхыг нь дардаг юм даа. Тэгсэн эгч нь хаалгаа онгойлгоод, "манай П өвчтэй байгаа, хичээлдээ очихгүй" гэсэн чинь мань хашир п цаад өрөөндөө "..үүдн...үүдн" гэчихсэн машинаар тоглоод сууж байхыг энэ муу хоёр цэхэр олоод харчихдаг юм байгаа биз дээ. Багшдаа очоод энэ байдлаа үнэн дүр зургаар нь ховлож муу П-гээ нэг удаа "банга" хүртүүлж байж билээ. Бас л муухай юм хийж явдаг байсан байгаам шүү.
Сүүлд энэ бүгдийг бодох тусам ёстой санаа зовмоор. Чухам П маань энэ үйл явдалаа санадаг эсxийг мэдэхгүй, тухайн үед надад дургүй нь хүрч л байсан байх даа. Энэ завшааныг ашиглаад уучлалт гуйчихдаг ч юм билүү гэсэн, үэхэхэ.
Гурдавахь нь бас манай байрны хоёрдугаар орцонд таван давхарт 40 тоотот байдаг Г гэж анд маань байдаг байлаа. Г-маань тухайн үед ээжтэйгээ, эмээтэйгээ, эгч нартайгаа амьдардаг байсан шиг. Эмээ нь их чанга хүн байдаг байж билээ. Сүүлд бурхан болход нь манай ангийнхан нэг очиж байсан санагдах юм. Г-ийн гэрт орж "Мурзилка" сэтгүүл үзэн пан пан гэсээр юун нөгөө давтлага санд мэнд гэртээ ордог байж билээ.
Г, П 2 той нэг байрных юм гэсэндээ их нийлж сайхан тэнэдэг байж билээ. Холяврын шохойг(ингэж хэлдэг билүү?) лаазанд хийж байгаад, дээрээс нь шүлсээ хаяад үрхээр пин хийтэл дэлбэрнэ, түрдэг дугуй, гүйдэг маатак, хагарсан дугуйнаас гардаг шааригаар өөрсдөө дээр нь хэдэн банз хадаад скат хийж гулгана, замын хар зажилна, үнэртэй усны бөглөөний доторхийг зажилж бохь болгоно, гээд л тэр хоёрт сэдэхгүй тоглоом гэж үгүй. Бас хойд 4-р цахилгаан станц орж, цахилгаан сатнцны хашааг давж нууцаар орон, бодвол халаагуурт л ашигладаг байсан байх даа, тунамал усанд нь сэлж наранд биеэ шаран жаргадаг л байлаа шд.
Хэн нь ч юм, цахилгаан станц энэ усаа үе үе соруулж авдаг, нэг хүүхэд усанд нь сэлж байгаад сорогдоод үхчисэн гэж хэлснийг сонсоод, усанд нь зогсож байхад үе үе хулмалзан, цахилгаан станц сүртэй нь аргагүй дүнгэнээд ирэхүй, "за баларлаа, усаа сорж байх шиг байна" гээд клап хаагдах шахан санд мэнд уснаас гүйж гардаг байж билээ. Гэр гэрээсээ авч ирсэн төмснүүдээ усанд сэлсэний дараа үнсэнд булж идэх ямар тансаг байдаг байсан гэж санана. П,Г хоёртой нийлж бас оросуудын барилга дээрээс гуурс гониодож амаараа "пүү" гэж зүүгээр үлээдэг зэмсэг хийдэг байж билээ. Одоо бодход их л аюултай л эд байсан байж таараа. П, Г хоёроос л анх загас тэжээх гэдгийг мэдэж авч, хажуу байрны шалбаагнаас амьд хоол түүж, хэдэн муу хээнлийгээ хооллодог байж билээ.
Хоёр андтайгаа нийлж хоорвоотой их л танилцдаг байсан даа. Одоо энэ хоёр маань юу хийж явцгаадгийг мэдэхгүй л юм, сураг тасраад уджээ.
Би ер нь л энэ мэт дурсамжаа огт мартдаггүй юм. Бас багын л янзан бүрийн болгар тамхины хайрцаг, орос овчаркны зурагтай чүдэнзний хайрцаг, открит, марк, чихрийн цаас, тэмдэг, товч, бөглөө гээд л юм болгоныг хав дарж цуглуулах дуртай, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчин байв аа гэж. Ямар сайндаа пионерийн зусланд амарчихаад ирэхдээ, өдрийн 5 цагийн печень, чихрээ өөрөөсөө харамлан барин, аривч гамтай хадгалан гэртээ бүрэн дүүрнээр нь авчирч тушаадахав дээ, ккк.
Одоо бодход юундаа тэгэж өөрийгөө зовоодог байсан юм бол мэдэхгүй. Өөрөө л идчихнэ биз дээ тэ, 14 хоног амрахад 28 ширхэг хорин дөрвийн чихэр чемодандаа хийгээд л аваад ирдэг байсан. Одоо ч энэ зангаас минь ул мөр гэхээр юм үлдсэнгүй шив дээ. За тэр ч яахав.
Юутай ч энэ сайхан дурсамжуудын маань эзэн болсон бага насны андуудаа эргэн дурсах дуртай. Тиймээ, "бие нь тусдаа ч сэтгэл нь нэг байхыг нөхөд л гэдэг" юм даа.
Хар дэвтрээ буцааж хураан, чихэр шиг амттай дурсамжуудаа блогондоо үлдээхээр санд мэнд ирвээ. Блогоо үргэлжлүүлж бичиж эхэлсэн найз чамдаа баярлалаа, зав зайгаараа бичлэг нэмнэ ээ. Бидний блог цаашид цэцэглэн хөгжиг ээ гэсэн.
Юмыг яаж мэдхэв, хэдэн жилийн дараа ангиараа уулзалдаад, энэ дурсамжуудаа сэргээн суух өдөр ирэх ч юм билүү. Тэр үед энэ блогоо бусдадаа үзүүлж, бүр олуулаа бичдэг болхын өлзийтэй ерөөөлийг ерөөе!
Ингээд энэ удаагийнхаа бичлэгээн өндөрлөөд бүх найзууддаа бидний тухайн үеийн сүлд дуу болдог байсан энэ сайхан дуугаар ая барья.
Дараагийн сэдэв, тухайн үед сонсдог байсан дуунууд шүү хэхэхэ.

6 comments:

Batka said...

Хэхэхэ, нүдэнд харагдчихлаа. Мань чинь одоо бодоод их харамсдаг юм, дурсгалын дэвтэрнээс авхуулаад зөндөө юм хадгалахгүй хаяж байснаа бодхоор. П солонгост байгаа, Г Автсар хавьцаа яваа сураг байсан. За өшөө олон гоё юм бичээрэй.

Anonymous said...

he he huurhun yma te, bi ene internet gedeg ymnaas aygvi hol baih ymda, unuudur l blog-g vzlee mahuusiin 1 svrtei klip b.dag teriig oruulbal ymar bol gej

happiness said...

Ehnees ni duustal ineed aldan baij l unshlaa, gui mun oi saitai hun yum aa chi neeree. Minii 3 album zurgiig bas namaig yavsnii daraa temdegleliin devter yuhan heehentei mini tsug neg hairtsagand hiigeed gadaa containert tavisan chini nuguuh ni uyert urtuud yun zurag l bolson baisan. Bi sonsood dotor sonin bolood, gol zuraad l irsen. Huuhed nasnii mini hamgiin nandin dursamj shuu dee, ug ni.

Хулан said...

Анхны хайр гэж юу вэ гэсэн асуулттай миний дурсгалын дэвтэр дээр Махаа гэж нөхөр их "муухай" юм бичиж билээ. Тэр нь "Үхэр хулгана хоёр гэрлэжээ. Тэр хоёрын дундаас үхэр толгойтой, хулгана биетэй, нэг урт "хар" юмтай амьтан төржээ. Энийг л анхны хайр гэнэ дээ" гэж. Урт хар юм гэдгийг нь ойлгохгүй эгчээсээ асуусан чинь "Яасан муухай юм бичдэг хүүхэд вэ" гэж загнаж билээ. Би бүр ч их гайхаад хэлэх үггүй болсон. Одоо харин ч нэг ойлгож байгаа шүү. Хэхэ

Anonymous said...

goyo bichej saihan baina! ter shohoig hlormin-ii shohoi gegeg baisiin.

Anonymous said...

goyo bichej saihan baina! ter shohoig hlormin-ii shohoi gegeg baisiin.