Saturday, April 10, 2010

Залуу нас минь маргааш дууусна

1-p хэсэг

Хавар зуны мөөгний мананд төөрсөн
Хангай нутгийн борхон болжмор явлаа би
Хайлаас модны ногоон мөчирт туялзанхан
Хатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би

Зүйдэл үгүй торго шиг номин ногоон дэлхий
Зүрхэн толио шиг навчнаа мөнгөн ус шиг бөмбөлзөх
Зун дагины нулимсыг мөнхийн юм гэж
Зуун найман хоног жиргэж нэгэн суулаа би

Цээлийн загас зүүрмэглэх гүн тунгалаг өглөө
Цэнхэр дурдам мөрний гучин гурван тохойд
Цэвэр танхил бүсгүйн хувин барин гунхалзахыг
Цэцэгнээс наахнуур бодон хайхраа нь үгүй явлаа

Идэрхэн ээжийн гэзэг шиг зуны бараан шөнөөр
Идтэй дурлалын шивнээ зуун долгионд тархаж
Ихэмсэг хангай нэлдээ сэтгэл алдран тачаахад
Ирэх өдрийг бодолгүй хөлчүүрч нэгэн цэнгэлээ би

Аяа тэгтэл өдөр гэдэг өрсөн ирдэг юм байна
Аугаа байгалийг захрсан хаан болон мөнхжиж
Амьдрал өөрөө бидэнд хар цагааныг хослуулан
Аваа өгөө хоёртоо хоногийн тоо тогтоожээ

Ууган амрагийн хөмсөг нууц болзоонд даллах шиг
Уян ялдам бөхөлзөх хайлаас модны мөчир
Улирах хоногийн эрхэнд бэрсүү тогтон хөшиж
Уран ногоон навчсаа ганцхан орой сэгсэрвээ

Шингэн сувдан дүрээр бөнжигнөж байсан шүүдэр
Шилэн хяруу болж зүрх хайрам цавцайваа
Ширэг ногоон хангай намрын салхинд хөрвөөж
Ширүүн гилэм хивс шиг навч ч үгүй барзайваа

Хүний өөрийн сэтгэлийг хэмжиж үзэн хэлбэлзэх
Хүсэл хайрын дэнс шиг хүүхэн хонгорын мөр
Хангайн голын тохойгоос үүрийн зүүд шиг арилж
Хатир дундаа зогссон мөсөн долгио гялалзаваа

Хүйтэн цагаан саран уулын сэрвээ хадарч
Хүнд бараан шөниүүдийн уг шагийг огтолсоор
Хүн байтугай морины зүрх шимшрэн янугаах
Хөхөө өвлийн жаврыг шөнийн парадаар авчираваа

Үүрээ ч засаж амжаагүй өнчин бор болжмор
Үүр цүүрийн салхинд хэлгүй болтол чичрэв
Үглэн дуулах шүлэг хөлдүү бадгаар жагсаж
Үе тэнгийн нөхдийн халуун сонор руу гулсав

2 хэсэг

Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болж
Тоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэн
Аавын хүүгийн жавхаа залуу халуун нас минь чи
Алив наашаа суу энэ хундагыг өргө

Өтөл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэж
Өргөн нарийн судсыг минь шүлэг найргаар тэлж
Өдөр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдаа
Өмнө зүгийн тал дунд Гумдайн цэцгийг гишгэлсэн

Аяа залуу нас минь чи бидэн хоёрын
Арга ч үгүй салах сүүлчийн өдөр туллаа
Амсар мэлмэрэх жүнзнээ шингэн алтыг хэмжиж
Ай чөлөөгүй үерхсэн нарлаг өдрүүдээ дурсъя

Хөвүүн балчир цагийн минь гүн нойрыг сэрээж
Хөдсөн дээлийн дороос ган сэлэм шиг ширээж
Хөдөө талын хүйсэнд гар барин золгож
Хөрстийн халуун цэнгэлд намайг хөтлөн алхсан

Омголон залуу нас минь чи бидэн хоёр
Огторгуйд шувуу болж, усанд загас болж
Орчлон хорвоод салхи залгисан хөвүүн болж
Олон сайхан нөхдийнхөө хамар сөргөж явлаа

Дардан замын энгээр шөнийн хотыг тойрч
Давхар ширэн улны шөрмөс утсыг тасартал
Шинэхэн хар шаахайг ханз гишгин алхаж
Шингэн дуутын хаалганд түгжээ тэсгээхгүй явлаа

Өвлийн түрүү сарын хорин тавны үдшээр
Өтгөс буурлын өргөсөн хоргот зул шиг туяарч
Өр л зүрхэн дунд шампан дарс шиг хөөсрөх
Өвчин адил хүслийн шазруун аагаар дүрэлзэж

Бүхий л хорвоог түймэрдэм халуу шатаж явахдаа
Бүжгийн танхимын шалнаа шөнийн танго хатирч
Бүлтгэнэнхэн гирэвшсэн зээрийн янзага шиг охиныг
Бүтэн сайны үдшээр дуун алдуулж явлаа

Газар дэлхийн онгон болсон зүрхийг нь
Галзуу дурлалын онгод орсон үгсээр
Гартаа барьсан туялзуур жад шиг хатгахдаа
Ганзай дарсанд согтсон дээрэмч адил явжээ

Үе тэнгийн нөхөдтэй үймээн дундаа мансуурч
Үйсэн бөглөөнүүдээр үхэр буу шиг буудаж
Үйлс бүтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдаа
Үүлэн чөлөөний нарнаас ч халуун байжээ шүтээн минь

Дөрвөн есийн хүйтэнд энгэр яран тэмүүлж
Дөнөн согоо адил эрхэм бүсгүйг сөгдүүлж
Дөвчигнөж бүхий цагтаа шүлэг сэтгэл хоёрынхоо
Дөлөн дээр нь би хорзыг нэрж явлаа

Мөнгөн жүнзтэй хорзоор хүний сэтгэл алдруулж
Мөн чиг олон амьтныг уйлууланхан орхиж явжээ
Мөрөн дээрээ үүрсэн хувь заяаныхаа ачааг
Мөн чиг олон газраар цувууланхан тарааж хаяжээ

Алив залуу нас минь сүүлчийн хундагаа өргө
Алдаа ихтэй замынхаа сүүмийх энэхэн даваанд
Арван гурван жилийнхээ сүлдэн дуулал болсон
Аманцар нэгэн найргаар хөшөө босгоод салъя

Үдэш шөнийг ялгалгүй намайг донтуулж явсаар
Үрчихээ алдсан чамдаа гомдоо нь үгүй - Баярлалаа
Үүр цүүрийг ялгалгүй пүрштэй чөтгөр шиг босож
Үүлгэрдэж явсан биед минь чи гомдоогүй бизээ

Арван оны хойно миний охинд очихдоо
Аавынх нь явсан замаас давуулууланхан гишгүүлэхдээ
Архи шүлэг хоёроос өөр бэлэг гардуулаарай
Алив миний залуу нас маргааш ингээд салъя даа...

үргэлжлэл бий....

Р.Чойном

10 comments:

БЭ said...

Унших гэсэн хараар тодруулаад доогуур нь зурчихсан байсан болохоор нүдэнд их эвгүй харагдаад арай зөөлрүүлчихлээ, болно биз дээ СГ ээ?

Шүлэгний хувьд, уншиж байгаагүй шүлэг байна.

Залуу нас гээч нь үхчихээгүй л бол нэг өдрөөс нөгөө өдрөөр дуусчихдаг бол хэцүү еэ.
Гэхдээ би өөрийгөө залуу л гэж бодоод гүрийгээд явдаг шдээ, хаа байсан юм, хүн 100 насалдаг гэвэл дөнгөж 1/3 ийг нь өнгөрөөд л давхиж явна. Болоогүй ээ хө.

СГ said...

баярлалаа хө, би мэдэхгүй л ийм юм хийж байхгүй юу,
үргэлжлэлийг нь удахгүй тавина аа,
энэ хүн залуу настайгаа дуусчихсан болохоор ч юм уу, эсвэл би шүлгэнд нь их дуртай болохоороо та нарыг ч бас уншиж баясаасай гээд оруулсийм аа.
бодоод байхад хүн найз нөхөддөө өөрт байгаа, өөрийн хийж чаддаг хамгийн сайхныг өгч, өөрийн хамгийн дуртай зүйлээсээ хуваалцдаг ч юм шиг...

Зулаа said...

СГ-ээ сайхан шүлэг оруулсанд баярлалаа.

happiness said...

Урьд өмнө уншиж байгаагүй сайхан шүлэг байна.

Яагаад ч юм чиний багадаа

Ээж минь, ээж минь энхрийхэн ээж минь
Эрхлүүл хүүгээ, эрхэлье хүү чинь...

гээд л цангинатал уншдаг байсан нь санаанд орчихлоо.
Одоо бол шүлгийг бүүр "амилуулдаг" болоо байх даа.

СГ said...

зун ирэхээр чинь "амьд" шүлэг уншиж өгнөө, айгаад зугтаах бэлтгэлтэй ирээрэй кхкхкхк

БЭ said...

нээрэн тийшд, мундаг уран уншдаг охин байсан шүү СГ

бас ука-г шинэ жилээр ч билүү цэнхэр палааж цэнхэр лент зүүж ирээд би буратиногийн мальвина гээд зогсож байхыг санадгийн.

hulan said...

Чойномын "Сүмтэй будрын чулуу" ном үнэн тасархай тээ? СГ-ээ баярлалаа. Чойномын фен клубт уулзъя. Хэхэ

БЭ said...

Миний дуртай шүлэг найрагчид:

Б. Лхагвасүрэн
Ц. Хулан
Л. Өлзийтөгс
Б. Батзаяа

Гэснээс эдгээр найрагчдын номнуудаас надад бэлэглэвэл би аймар баярлана шүү (ийш тийш горьдон харав)

happiness said...

харин энэ Б.Батзаяа гэж залуугийн фэн нь болоод байгаа. Өлзийтөгсийн ганц номоо байн байн эргүүлж үздэгийн, мундаг бичдэг тээ.

СГ said...

одиноороо сууж байгаал хэнээс юу горьдоод байдгийм дээ, миний муу найз...хоёроороо гурваараа сууж байхдаа горьдоол байвал болноо болно, бүтнээ бүтнэ
гээд ер нь л болноо болно,
санаандаа ургуулсан хүсэл чинь
санаа зоволтгүй бүтнэ
Хөх тэнгэртээ итгээд
Хүрээд ирээ хө....