Thursday, April 15, 2010

Залуу нас минь маргааш дууусна

. . . үргэлжлэл

3- p хэсэг

Залуу цагийнхаа алтан өдрүүдийн шугуй дунд
Загал буга шиг, сэтгэлийн өнгө ижилдүүлсэн
Задгайхан цэнгэл, яруухан шүлгийн найзууд минь
Зав гаргаж даруухан ширээнд минь морилно уу

Тавхан үсгээр "нөхөд" гэж холбохдоо би
Таван тивийг гар доороо холбосон юм шиг
Таван хуруугаа зүрхэн дотроо атгасан юм шиг
Тайван бөгөөд ихэмсэг бардам явлаа

Сэтгэлийн минь оч, итгэлийн минь од болсон
Сэргэлэн нөхөд минь, залуу насыг минь үдэж
Сэргэх хандах хоёрын хар цагаан зааг дээр
Сэржим болгон өргөх шүлгэн хураа хайрла

Уйтгар ихтэй үеүдийн уй ганихралыг хөөж
Уран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нөөж
Уушгийн халуун сждлууд шиг нийлэн дассан та нарын
Уянга сайхан шүлгээс амтлах хэмжээ дутуу байна

Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгаа
Аагим зун шиг насны сүүл сарын шөнөөр
Ахин нэг бужигнах зураг тавилан дутуу байна
Ам цуурам нижигнэх зуурдын жаргал үлдээд байна

Залуу насан явчих маргаашийн цаад өдрүүдэд
Загал буурал тэргүүнтэй, бүрэгхэн дорой өвгөнп
Гал шиг шүлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ
Ганцхан үдэш үлдлээ, одоо ярилцаж авъя

Зуу зуун шөнөөр хорвоог ичээж явсан
Зуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна
Зуур зуурхан алдаагаар хотлыг шүүмжилж явсан
Зугаатай сэргэлэн философи одоо надад чухаг байна

Давирхай түрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна?
Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна?
Дампуурч явсан паян, алиа наргиан хаа байна?
Дараа нь надад хэрэггүй, би өөр болчихно

Болхи даруу гудмуудаар хувийн эргүүл хийж
Бор л хоногийн тэнгээр эрх чөлөө исгэрч
Бодлого багатай явсан эр нөхөр чинь маргааш
Бодгаль дүрийг сахиж өрхийн тэргүүн болно

Давхар өрөөний мухарт гэрийн халат нөмөрч
Далай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаад
Давилуун зантай эхнэрээр үүд хаалгаа мануулж
Дангинасан түгжээн цаанаас "завгүй" гэж хариулна

Арави бурхны дайтай бүүдгэр тэр өрөөнд
Атархан залуу насны бүдэгхэн ч мөр үлдэхгүй...
Архи, нөхөд хоёроос үүрдийн чөлөө гуйсан
Ахимаг буурай би чинь, гэрийн богд болчихно

Эр хүний насанд заавал учирдаг жамтай
Эмгэнэлт тэр үе маргааш эхлэх нь лавтай
Эрхэм хонгор нөхөд минь хундага юугаа өргөе
Энэхүү сүүлчийн үдшийг та нартайгаа өнгөрөөе

Үхэр чулууг сүлжсэн уулын олон горхиноос
Үер харгиа нь татарч, нэг нь ийнхүү зогсох нь!
Үлдэж байгаа бусдыг нь нэртэй том мөрөн болгох
Үе цагийн аяс, нэгдэл зориг хэрэгтэй шүү!

Элбэг найргийн далайгаас зам гажин хоцорч
Эрэг ирмэг газарт зангуу хаян буусан
Рэнчиний дунд хүүгийн залуу явсан өдрүүдийг
Эцэс хожим та нар заавал дурсах нь магад

Аяа тэр өдөр шүлгийн унаган нөхөд минь
Алдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно
Алтан сархдаар дүүлсэн хундаганаас нэг нь үлдэнэ
Алтайн хасагийг элэглэдэг гитар хөгжим дуугүй байна!

Өдөр өдөрт нь таталсан зугаа наадмын шүлэг
Өнгө солгой ч гэсэн шүлгээ унших хоолой
Өрөвгөр шар сахал аль аль нь эзгүй байна
Өнөөх Чойном
алга аа гэж зүрх чинь тэгэхэд шивнэнэ!

4-p хэсэг

Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжиж
Ирүүл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя
Ирмүүн цовоо өдрүүдийг минь дарж байсны шагналд
Ийм хүн явлаа гэдэг тэмдгээ зүрхэнд чинь үлдээе!

Арван хаврын тооцоот миний хүндэт дайсан
Амь шиг хайрлах ширээгээ, мөчийн төдий орхиод ир
Аялгуут шүлгийг минь сүлбэдэг улаан харандаагаа бариад ир!
Ар л хонгоор шивнэлдсэн бараан үгсээ үүрээд ир!

Төрсөн энэ биеийг минь илдээр сийчсэнээс өөргүй
Төмөр үзгэн заазуураар шүлгийг минь хэрчиж суухдаа
Төрийн нэрийг барьж, шударга нэгэн шүлэгчийн
Төвшин цагаан сэтгэлд юу унагаснаа хар

Эрээн хивс дэвсэж хүрэн мебель тавиагүй
Эвхдэг толины өмнө хүүхдийн тоглоом өрөөгүй
Эгэл даруу өрөөнд минь хүний сайн нь цувсаар
Элэгдэж муудсан шал дээр хөл тавин морилж үз!

Өнгөт чулуун шалтай хаан ордноос эрхэм
Өргөст дэлхийн шүлэгчийн хаалга татах хэргэм
Өөрт чинь дахиад олдохгүй-хайрт дайсан минь чи
Өчнөөн их азтайгаа дотроо санаж үлдээрэй

Таван жилийн хугацаанд харийн номыг заалгаагүй би
Таван мянган настай халх түмний цэцийг
Тансаг баян дорнын хатир жороо шүлгийг
Талын малчин ааваараа хэлүүлж өссөн шүлэгч,

Алдар гавъяа нурахаас айгаа нь үгүй явахад
Амьдрал жаргал тарахаас ичээ нь үгүй явахад
Албан тушаалын төлөө зэвтэй хутга ханцуйлж
Алтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгүй!

Хүндэт дайсан минь, гэвч чамд би хайртай!
Хүлэг морин адил чамайг би унаж
Хүүхэд багын оюунаа чиний хүчээр өсгөж
Хүний нийгмийн дотор сүүдэр байдгийг ухаарсан юм

Өстөн дайсан маань нялх шүлгийг минь хөнөөхөөр
Өсгий даран мөрдөж байгааг сэтгэлдээ сэрэмжилж
Өдрөөр бус цагаар хурд мэдэн урагшилж
Өнөр түмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсанюм

Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм
Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ
Тэртээ холын хүмүүс ч их тоосыг хараад
Тэнд нэг юм хурдалж явна гэж хэлүүлэлтгүй мэднэ

Дайсан чиний хүчээр би өдий болтол ахилаа
Даяар олонд нэрийг минь чи тарааж өглөө
Дахиад чи хувь илүү чадалтай болооч
Дарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье

5-p хэсэг

Ганцхан шөнө үлдлээ, цадиггүйн хэмжээ дуусав
Газарт түгсэн одод минь гийгүүлэнхэн соёрхооч
Гантай хэт шиг насны минь сүүлчийн чөлөөт өрөөнд
Галтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач

Аяа, тэр залуу насыг та нар мэднэ шүү дээ
Алаг нүдний чинь харцанд бие мэдэн өртөж
Амьд бүрхны хишгийг хүртээх ёстой цэцэгст
Автобусны талон шиг толгой дараалан түгээж

Бутархай мөнгө шиг үнсэлтээр хариу шагнуулж явахдаа
Буурал ихсээс ичсэнгүй, булбарай нялхсаас зовсонгүй!
Будант энэ үеийнхээ цэл залуу хэвлийд
Бурхан чөтгөрийн эрлийзийг цутгаж байсан бус уу

Зүс таних, танихгүй янагийн олон тэнгэр минь
Зүрх гэгчээр чи бид тоглоом шиг наадаж
Зүлэг ногоот зуны цэнхэр буданд хөлчүүрч
Зүүд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу

Хорвоо дэлхийг жиндүүлсэн хоёр одны тохиол шиг
Хотын өргөн зээлээр хотолзонхон гунхаж
Алаг цоог махтай газрын зураг шиг хуушуурыг
Амьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу

Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэж
Бужигнаан ихтэй хотоос алсын уул руу зугтаж
Бургаас модны гүнд амьдын жаргал эдэлж
Буян нүгэл хоёроор тоглож явсан бус уу

Шилэн торго адил залуу зөөлөн цогцсыг
Шимэн үнэсэж байхад цээр хориг байсангүй
Шив шинэхэн зуны үүр цүүрийн шүүдэр шиг
Шиврэн гарах хөлсөнд минь нүүр угаахаас буцсангүй

Одоо тэгвэл алдрай минь, миний улирал солигдлоо
Онгон зуны шөнө шиг бараахан үсэн дунд минь
Одон солир зуржээ! Би чинь явах боллоо
Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гүйцэтгэв

Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугаа
Хорасан хийцийн тахир сэлэм шиг нумлаж
Хоёр мээмээрээ уушиг зүрхийг минь тэмтэрч
Хорзын дээжийг чи уруулаараа над уулгаач

Ширмэн өнгөт хорвоод алтан хадаас шиг явахдаа
Шилэн болор жүнзийг шимж амталж ханалаа
Шим сайтай сархдын зүрх түлэм дээжийг
Чиний амаар дамжуулж хүртэх нэгэн дутуу байна

Нанчдын аагинд би согтъё,алдрай минь зөвшөөр
Надаас харин чи согт, алагхан нүдэн минь
Насан залуугийн сүүлчийн дуслыг шавхан шимж
Навчин улаан тамгаа хүзүүнд минь дарж хайрла

Улаа өртөө амжсан их төрийн зарлиг шиг
Улаан тамга даруулсан хүчин төгөлдөр хүн
Уяхан та нарын сүргийг уйлууланхан орхиод
Уймраа өвгөний замаар сажилж одоход амар

Сормуусан цаанаа инээж дуугай битгий суугаач
Согоо сайхан дүрээ нүцгэлэнхэн харуулаач
Сохор заяат орчлонгийн хөлгүй цэнгэлийн дээжийг
Согтууранхан амталкя, надаас чи автугай

Залуу нас минь маргааш үгүй болно
Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна
Заарын үнэр, янагийн амт, хайрын гал
Энэ шөнийн орноо, цагаан даавуун дотор үлдэнэ

Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шүү
Аадрын үүл шиг шивэрч, эх биеийн чинь дээгүүр
Ахиад яруу гайрагчийн залуу нас бүрхэхгүй
Аяа тэгэхэд зүрх чинь ганцхан намайг үгүйлж мэднэ

Үгүйлэн үгүйлэн санавч янагийн домен зууханд чинь
Үнэтэй залуу насаа багц багцаар нь шатааж
Үнэсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсан
Үүлэн чөлөөний наран ахиж чамд харагдахгүй

Харин чиний зүрхнээс, рестораны хундаганаас,
Харанхуй шөнийн гудамжнаас, эзгүй хээрийн бургаснаас,
Хаш цагаан орны эргүүлж хаясан хөнжлөөс,
Халуун залуу өдрүүдийн шүлгийн мөрүүд сонсдох бий!

Ухаан алдам хайрын мөнхийн усаар бичсэн
Уулга алдам шүлгэнд миний залуу нас бий!
Уужим энэ дэлхийд нэг хүн залуу явсан юм! гэж
Уяран сонсох болгондоо, санаж яваарай алдрай минь!

No comments: